Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c4gem4cb1ag93b91k7v17g6gun5.jpg

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд инновацийг нэвтрүүлэх нь” сэдэвт  арга хэмжээг хоёрдахь удаагаа зохион байгууллаа. Тус өдөрлөгт нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цагдаагийн газар, хэлстийн дарга нар оролцож тус салбарт инноваци нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Энэ үеэр хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Smartdevice” сайтын талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга А.Эрдэнэбулаг танилцууллаа. Тэрбээр “Гар утастай холбоотой гэмт хэргийн эсрэг ““Smartdevice” системийг нэвтрүүлсэн. Энэ системийн үндсэн ажиллах зарчим нь манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа гар утасны операторуудын бааз станц дээр байгаа кодоор дамжуулан алдагдсан утасны мэдээллийг тодорхойлно. Эхлээд хэрэглэгч өөрийнхөө мэдээллийг 3 үе шаттайгаар бүртгүүлснээр, тухайн хувь хэрэглэгчийн мэдээлэл үндсэн системд хадгалагдана. Үүний дараа тухайн хүн утсаа алдлаа гэхэд Smartdevice.mn гэсэн сайтад орж “утсаа алдсан” гэсэн горим сонгоно. Энэхүү системийг хэрхэн ашиглах вэ гэхээр, алдагдсан гар утаснууд ихэвчлэн ломбард болон гар дээрээс худалдаалагддаг. Тиймээс худалдан авагч нар гар утас худалдан авахдаа дээрх системээр шалгаснаар хулгайн утас худалдан авахгүй байх, уг системд бүртгэгдээгүй тохиолдолд худалдан авч байхаар тооцоолж байна. Ерөнхийдөө энэ системд 4 операторууд орчихсон байна” гэлээ. Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхдийн байршил тогтоох системийн талаар “Цахлай” төслийн удирдагч С.Батсайхан танилцууллаа. Тэрбээр “Энэхүү төсөл нь хүүхдийг цахим орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах, болзошгүй эрсдлээс сэргийлэх чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Төслийн зүгээс бага насны хүүхдийг биет халдлагаас хамгаалах зорилгоор хүүхдийн байршил тогтоох системийг нэвтрүүлээд байна. Хүүхдийн байршил тогтоох систем нь манай улсад хоёр хэлбэртэй байгаа ба ухаалаг утасны өөрийн байршил харагч болон  урд хөршөөс оруулж ирсэн байршил тогтоогч юм. Урд хөршөөс оруулж ирэн гар дээрээс худалдаж байгаа байршил тогтоогч нь Хятадын өмнөд хэсгийн гар утасны оператороор дамждаг учраас бид хүүхдээ харах, хянах биш гадны улсуудад хүүхдийнхээ бүх мэдээллийг алдаж байгаа хэрэг. Тиймээс эсрэгээрээ энэ үйлчилгээ маш аюултай болсон учраас манай “Цахлай” үйлчилгээ нь дотоодын операторуудын сүлжээг ашиглан хүүхдийн байршлыг тогтоох юм. Ингэснээр эцэг эхийн хараа хяналт сайжрахаас гадна, хүүхэд алга болох ямар нэг эрсдэлд орсон тохиолдолд хүүхдийн утас хаана унтарсан байна, хамгийн сүүлийн цэгийг тогтоож эрэн хайх үйл ажиллагаа явуулахад ашигтай” хэмээв. Түүний дараа орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Монгол барилга консалтинг” компанийн менежер Д.Цэнгүүн “Ухаалаг дуран” танилцууллаа. Энэхүү ухаалаг дуран нь  8-12 см-ын зузаантай аль ч төрлийн хаалганд суурилуулах боломжтой бөгөөд хөдөлгөөн мэдрэх горимын дагуу дүрс бичлэг хийж, гэрэл зураг авна. Горимыг хэрхэн тааруулснаас үүдээд хонх дармагц бичлэг хийгдэж эхлэх ба хаалга тогших үед гэрэл зураг авч санамжиндаа хадгална. Уг дуран нь тасралтгүй ажиллах горимтой бөгөөд нийлүүлэгч компанийн зүгээс нэг сарын баталгаат хугацаа өгөх аж.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх