Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/6clfu9hjcftbmi1c80oeo7jmr3.jpg

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан Орхон аймагт өчигдөр эхэлсэн “Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн” маргааш дүнгээ гаргана. Эрдэнэтчүүд хамгийн сүүлд 2003 онд УАШТ-ийг аймагтаа зохион байгуулж байсан бөгөөд 15 жилийн дараа дахин Монголын шилдэг бөхчүүдийг аймагтаа хүлээн аваад байгаа нь энэ юм. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны 2018 оноос хэрэгжиж эхлэх эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 гэсэн тус бүр 10 жинд аваргуудаа тодруулах энэ тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 65 кг-д жин өгсөн барилдаж байгаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэг бүх өрсөлдөгчөө илт илүүрхэн цэвэр ялсаар 6 дахь удаагаа Монгол Улсын аварга болов.  

Сонирхуулахад улсын аварга шалгаруулах тэмцээнд 25 багийн 300 орчим тамирчид оролцохоор бүртгүүлсэн бөгөөд гурван өдөр үргэлжлэх тэмцээн гурван дэвжээнд зэрэг барилдаж байгаа аж. Эхний өөр хөнгөн жингийн барилдаанууд явах бол сүүлийн өдөр эрэгтэй эмэгтэй, хүнд жингийн барилдаан болон багийн төрөлд аваргууд тодорно.

Энэ тэмцээнийг Олон улсын зэрэгтэй 20, улсын зэрэгтэй 24 нийт 44 шүүгч шүүн явуулж байгаа бөгөөд энэ тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчид Улаанбаатар хотод долоодугаар сарын 21-нд болох сорилгод орох эрхтэй болох ба тэндээсээ Азийн наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах гэнэ. Мөн цаашлаад 2020 оны Токиогийн олимпод оролцох Үндэсний шигшээ багт харьяалагдах гол шалгуур болно гэдгийг Чөлөөт бөхийн холбооноос мэдэгдэж байна. 

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийн хувьд энэ жил 28 настай бөгөөд УАШТ-д 2009, 2010, 2012, 2013, 2016, 2018 онд тус тус түрүүлээд байгаа юм.  Соронзонболдын Батцэцэг 1990 оны гуравдугаар сарын 11-нд Архангай аймгийн Хашаат суманд М.Соронзонболд, Д.Оюун-Эрдэнэ хоёрын таван хүүхдийн дөрөв дэх нь болон мэндэлжээ. 2008 онд Хашаат сумын дунд сургуулийг дүүргээд МУИС-ын Япон хэлний ангид элсэн суралцсан байдаг. 2005 оноос сумынхаа Дондов багшийн удирдлаганд чөлөөт бөхөөр хичээллэж эхлээд 2008 оноос "Замчин" клубт Монгол Улсын гавьяат дасгалжуулагч З.Дүвчин багшийн шавь болж, 2012 оноос "Хилчин" спорт хороонд харьяалагддаг болжээ. 2008 оноос З. Дүвчин, Т. Сүхбаатар дасгалжуулагчтай улсын шигшээ багт багтжээ. Хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэг Өсвөр үеийн УАШТ-д 2005 онд мөнгөн медаль, Өсвөр үеийн ААШТ 2007 онд Тайваны Тайчинд болоход мөнгөн медаль, Залуучуудын УАШТ-д 2008 онд алтан медаль, Залуучуудын ААШТ 2008 онд Катарын Дохад болоход мөнгөн медаль, насанд хүрэгчдийн УАШТ-д 2009, 2010 онд алтан медаль, 2011 онд мөнгөн медаль, 2010 оны ААШТ Энэтхэгийн Шинэ Делид болоход мөнгөн медаль, 2009 онд анх удаа ДАШТ-д орсон бол 2010 оны ДАШТ-д алтан медаль, 2012 оны Лондоны олимпоос хүрэл медаль хүртэж Монгол түмнээ баярлуулж байв. 2015 оны ДАШТ-д дахин түрүүлж алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болсон Монголын анхны эмэгтэй, Хөдөлмөрийн баатар З.Ойдовын дараа дэлхийн хошой аварга болсон хоёр дахь Монголын бөх болсон юм. Хэдийгээр үзэгчид Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг болон шинэхэн дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон нарын ширүүхэн өрсөлдөөнийг сонирхохоор нүд, чих тавин хүлээж байсан ч П.Орхоны дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр өөрийн шавиа энэ улсын аваргаас эхлэн олимпийн жин болох 62 кг-д барилдуулж эхэлсэн тул хоёр мастерын дэвжээн дээрх дуэль энэ удаа болсонгүй. П.Орхон гавьяат өнөөдөр дэвжээн дээр гарах юм.

Москвад болсон ДАШТ-ээс алтан медаль шүүрсэн С.Батцэцэгийг 2010 онд  Монгол Улсын гавьяат тамирчин цолоор, 2017 оны долоодугаар сарын 31-нд Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнаж спортын агуу амжилтыг нь үнэлсэн юм. Тэрээр сая Орхон аймагт  олимпийн бус жин 65 кг-д жин өгсөн түрүүлсэн ч түүний өмнө 2020 оны Токиогийн олимп бий гэдэгт Монголчууд итгэж, амжилт хүлээн дээлийнх нь захыг мушгицгааж байгаа юм.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх