etoim.mn
photos/9-1-1_700x700.jpg

Узбекистанд өрнөж буй үйл явдал, түүнээс улбаалан бүс нутгийн харилцаа, улс төрийн газрын зурагтямар өөрчлөлт гарах вэ гэсэн асуулт дэлхий дахины сонирхлыг татаж байна. Энэ сэдвээр олон улсынтоймч Ш.Гантулгатай ярилцлаа.

Узбекистаны ерөнхийлөгчийг эмчлүүлж байгаа, нас барсан гэх мэдээллүүд цацагдсан. Тэрээр хүчтэйудирдагч хэдий ч 79 насны босгыг давсан, таван удаа тархинд нь цус харвасан гэхээр дэлхийн шилдэг эмчнар очоод эмчилж чадах болов уу?

-Тийм ээ, одоо бараг л найдваргүй болсон. Одоогоос дөрөв хоногийн өмнө Ислам Каримовыг нас барсан гэж мэдэгдсэн. Яагаад тийм явдал болсон бэ гэхээр, Бразилийн Рио-де-Жанейрод болсон Олимпийн наадамд оролцоод ирсэн Узбекистаны тамирчдыг хүлээн авах үеэр баярласандаа архи хэтрүүлэн ууж тархинд нь цус харвасан.

Тэр өдөртөө буюу наймдугаар сарын 26-27 нд эмнэлэгт хэвтүүлж,  хэнийг ч оруулаагүй. Гадаадын эмч нарын багийг яаралтай дуудсан. Эмч нарын мэдээлснээр тав хоногийн настай гэсэн. Тэр тав хоног нь өнөөдөр дуусч байна. Тэгэхээр нас барсан гэдэг нь бараг тодорхой. Сөрөг хүчний цахим хуудсууд Каримовыг барагцаагаар гурав хоногийн өмнө Москвагийн цагаар 3.30 цагт нас барсан гэж мэдээлсэн. Засгийн газар нь үүнийг няцааж байгаа. Гэхдээ Каримовын охин Лола эцгийгээ тархинд нь цус харвасан гэж хэлсэн. Одоогоор түүнийг нас барсан гэж шууд хэлэхээс эмээж байх шиг байна. Каримов нас барсан гэдгийг мэдэх юм бол улс орон даяар эмх замбараагүй байдал үүснэ гэж  сэргийлж байгаа байх.

-Каримовгүйгээр Азийн улсууд  цаашид яах вэ, ямар өөрчлөлт гарах бол?

-Энэ байдлаас болж яг  одоо хамгийн их сандарч байгаа улс нь ОХУ юм. Яагаад гэвэл, 1990-ээд онд ЗХУ задарснаас хойш ОХУ-ын өмнөд хил алан хядагчдын дайралтад өртөлгүй нэг хэсэгтээ тогтож чадсан гол гавьяа нь Узбекистан улс тогтвортой байсных. Узбекистан  тогтвортой байсан хүчин зүйл нь Каримов гэдэг ганцхан хүний гавьяа. Каримов хуучин ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн байсан. Тиймээс лалын халифатууд,  байгууллага, үндсэрхэг үзэлтнүүд, лалын хэт даврагчидтай  хатуу гараар тэмцэж ирсэн.  Шанхайн уулзалтын хамтын нийгэмлэгийн байгууллага, Тусгаар тогтносон улсуудын холбоо, Евразийн холбоо зэрэг томоохон байгууллагуудад бүгдэд нь нөлөөтэй. ОХУ-ын хувьд лалын алан хядагчдын орж ирэх замыг нь хааж байсан цорын ганц хүчирхэг орон. Узбекистанд Каримовын хүчирхэг засаглал байгаагүй бол хамгийн наад зах нь Афганистанаас алан хядагчид, хар тамхины намуу цэцэг орж ирнэ. Каримовын үед ийм зүйл харьцангуй бага гарсан. Одоо ОХУ-ын баруун зүгт байгаа Балт орчмын гурван улс Латви, Литви, Эстон гэхэд л орос иргэдийг хавчиж шахаж бөөн юм болдог. Гэтэл Узбекистанд ийм зүйл огтхон ч болж байгаагүй. Үндсэрхэг үзлийг газар авахуулаагүй. Дарангуйлагч нийгмийг байгуулсан гэдэг ч  улсаа  25 жил тогтвортой байлгасан. Узбекистан тогтвортой байна гэдэг Дундад Азив, Төв Ази тэр аяараа тогтвортой байна. Харин тэд Каримовгүйгээр  “дарьтай торх” л гэсэн үг. Тэр дотор шатамхай зүйл  маш их, аюулыг таашгүй.

-Бүс нутагт байдал бишдэнэ гэсэн үг үү? 

-Узбекистаны газар нутаг жижигхэн. Манай улсын нутаг дэвсгэрээс  гурав дахин бага газарт 32 сая хүн амьдардаг. Бусад улс нь Узбекистантай харьцуулах юм байхгүй. Казахстан гэхэд л 17-хон сая хүн амтай.  Тажикстан уулын нөмөрт гарсан 1-5 сая хүнтэй, Туркменистан элсэн цөлд бас цөөхүүлээ. Хүн амын тоо, улсынхаа хүчин чадал, улс төрийн нөлөөгөөр Узбекстантай эн зэрэгцэх улс ерөөс  байхгүй. Эдийн засгийн хувьд хүндхэн хэдий ч Ислам Каримовын нэр хүнд өндөр болохоор ард түмэн тэр байдлыг тэсч ирсэн.  Хэрэв, Узбекистан улс тогтворгүй, үймээн самуунтай байсан бол одоо тэрийг тогтоох хүч байхгүй гэсэн үг. 32  сая хүн амтай, угаасаа дайнч, лалын шашных нь  үзэл санаа хүчтэй нөлөөтэй учраас ихээхэн эгзэгтэй.

-Узбекистаны цаадах   тав дахь өнцөг болох  Афганистан яах бол?

-Афганистаны хүн амын гуравны  нэг нь  узбек гаралтай. Тэгэхээр Ислам Каримов гэдэг хүн Төв Азийг  цор ганцаар тэр чигт нь тогтвортой байлгаж чадсаны бас нэг үзүүлэлт  нь энэ. Түүнийг байхгүй  бол бүс нутаг яах вэ гэдэг  асуулт ч эндээс гарч ирж байгаа юм. Түүнийг нас барсан уу, үгүй юу гэдэгт  дэлхий нийт шуугиад байгаагийн учир ч энд оршино.

-Түүний дараагийн хүн хэн байх вэ. Хүчтэй удирдагч байна уу? 

-Үнэн хэрэгтээ түүнийг залгамжлах хүн бараг л  байхгүй. Яагаад гэвэл, Узбекистан  манайх шиг номхон хүлцэнгүй биш. Манайд ямар ч зальтай хүн Ерөнхий сайд болчихсон, улсын төсвийг идэж ууж, хувьдаа оффшор данстай болж байхад ард түмэн тоохгүй хүлцэнгүй  байдаг. Тэнд тийм юм байхгүй. Нэг хүн Ерөнхийлөгч боллоо гэхэд 200, 300 буу зэвсэг, хутга, шийдэм барьсан  галзуурсан этгээд өөр үндэстнүүдийг хядах гээд гүйлдэж явахад “Зогс” гэж хашгираад зогсоодог, тийм  байх ёстой. Гудамжинд ард түмэн бослого гаргахад “Тэднийг бууд” гэсэн тушаалыг  цэргүүд нь биелүүлдэг ийм л хүн байх ёстой болно. Тэгж чадахгүй бол ард түмэн нь хүлээж авахгүй. Узбекистан яагаад Ислам Каримовоос өөр хүнийг хүлээж авахгүй вэ гэвэл, лалын шашинтай орон. Узбекистаныг лалын ертөнцөд Бухара Шариф гэж нэрлэдэг. Лалын шашны тулгуур багана болсон дөрвөн улсынх нь нэг юм. Ийм учраас тэнд лалын шашны үзэл санаа маш хүчтэй. Хэрэв Узбекистанд  Каримовоос өөр хүн гарч, Монголынх шиг ардчилсан зарчмаар явах гэсэн бол лалын шашны намууд засгийн эрхэнд гарч ирэх байсан. 1990-ээд оны эхээр лалын шашны намууд засгийн эрхэнд гарч ирэх зам руугаа явж байсныг Каримов зогсоосон. Яаж зогсоосон бэ гэвэл, шууд  буудсан, толгойлогчдыг нь шоронд хийсэн. Каримовоос өөр хүнийг узбекистанчууд хүлээж авахгүй гэдгийн учрыг танд би энэ байдлаар  тайлбарлаад байгаа юм шүү дээ. Жишээ нь,  айлд нэг айхтар зуудаг нохой байна  гэж үзье. Тэр нохойг эзэн нь хүрч ирээд хэчнээн өшиглөж, занчсан ч эзнийгээ мэдэж байгаа учраас зуухгүй. Өөр хүн ирээд зандрах гэж үзвэл   тасар татна. Түүнтэй л адил. Узбекистан яагаад Каримовт захирагдаж ирсэн бэ гэвэл, хуучин ЗХУ-ын үеэс миний эцэг, эх энэ хүнд захирагдаж байсан юм чинь би ч бас захирагдах ёстой гэж үздэг. Өөр хүн гарч ирсэн тохиолдолд энэ хаанаас гараад ирэв,  аль овог аймгийнх вэ гээд буулгаж хаяна. Зүгээр ч буулгаж хаяхгүй, толгойг нь авна. Тийм учраас нөхцөл байдал маш аюултай.

-Каримовын  хоёр охин эцгийгээ залгамжилж яагаад болохгүй гэж. Аль алиных нь судсаар  түүний цус гүйжбайгаа. Эрэгтэй хүнээс  илүү ч  байж мэдэх юм? 

- Том охин Гулнара нь Каримовыг залгамжлах  байсан гэж болно. Одоо бол боломжгүй. Гугуша гэж өөрийгөө нэрлэн дуулж, бүжиглэдэг, түүнээс гадна нийгмийн цахим хуудсуудыг ажиллуулдаг, дипломат ажилтан байсан гээд олон талын авьяастай, өндөр боловсролтой. Улсынхаа Элчин сайд байсан. Гэтэл Узбекистаны тагнуулын албаны дарга нь Каримовыг 75 настай байхад охиныг нь засгийн эрхийг булааж авах нь  гэж мэдээлсэн. Эцэг нь уурандаа охиноо баривчлахыг тушаасан. Түүнээс болж 2014 оны долдугаар сараас эхлэн Гулнара гэрийн хорионд, үндсэндээ шоронд орсон. Орох, гарахад нь дор хаяж 3-4 цэрэг дагаж явдаг. Тиймээс одоо Узбекистанд төр, засгийн эрхийг барих хүн байхгүй. Бага охин Лоло нь даруухан, төр засгийг барих чадваргүй.

-Туслах, ойрын хүмүүсийн нэр гарч байгаа. Тэдний тухайд?

-Каримов өөрийн туслахаар  дандаа ЗХУ-ын КГБ-д ажиллаж байсан тагнуулчдыг тавьсан. Сүүлд Үндэсний аюулгүй байдлын газрын албаны даргаар  Рустам Иноятов гэж хүн дээш гарч ирсэн. Ямар учиртай гэхээр  Ерөнхийлөгч ганцхан хүнийг дэргэдээ байлгавал  төрийн эрхийг гартаа авчих гээд байдаг. Иймд аль ч улсын төрийн тэргүүн аюулгүйн албандаа хоорондоо өрсөлддөг хоёр хүнийг дэргэдээ байлгах учиртай. 2005 онд Узбекистанд  “Андижаны хэрэг” гэж гарсан. Лалын хэт даврагчид бослого гаргаж, цэрэг, иргэдийг барьцаалсан тэр бослогыг дарах үед Узбекистаны гадаад хэргийн сайд  Закир Алматов энгийн иргэд рүү буудах тушаал өгснийг АНУ шүүмжилж  огцруулснаар  Рустам Иноятов  ерөнхийлөгчийн дэргэд ганцаар үлдсэн. Дараа нь  Рустам Иноятов засгийн эрхийн төлөө тэмцэх бодол өвөрлөсөн. Том охин Гулнарагийнх нь эсрэг материал цуглуулж эхэлснээр 2014 онд тэднийг муудалцуулсан. Үүгээр зогсохгүй Каримовын эхнэр Татъяана, дүү охин Лола нартай нь ч түнжин хагаралдуулсан.  Энэ бүхнээс үзэхэд, Рустам Иноятов засгийн эрхийг  авах магадлалтай.

-Ард түмэн нь тагнуулч ерөнхийлөгчдөө  таатай хандах уу?

-Нууц албаныхан олон нийтээс далд амьдралтай байдаг л даа. Нууцлаг, далд амьдралтай хүнд хүмүүс итгэхгүй л дээ. Каримовын үед бол дэргэд нь нэр хүндтэй удирдагч байсан тул байгаад байсан. Дангаараа засгийн эрхийг тогтоож барихад бэрх. Тэр тусмаа лалын маш хүнд нөхцөл байдалтай Узбекистан шиг улс орныг удирдах хэцүү. 

-Хэрэв Каримов гэрээслэл үлдээсэн бол яах вэ?

-Тэр бараг л боломжгүй. Яагаад гэвэл, Каримов ЗХУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн байсан марксист үзэлтэй хүн. Охиддоо төр, засгаа үлдээе гэсэн бодол түүнд байгаагүй. Гэтэл ард түмэн охидод нь захирагдаж бас магадгүй. Эзний охин гэдгийг бүгд мэдэж, таньж  байгаа учраас. Харамсалтай нь эрх мэдэл хөөцөлдөгчид хамгийн магадлалтай байсан том охиныг нь хорионд оруулсан. Эрх мэдэлд дуртай нөхөд өөрсдөө чадах уу гэдэг  эргэлзээтэй. Каримов байхгүй болчихоор АНУ, барууны орнууд одоо ардчилсан төр засгийг тогтоох хэрэгтэй гэж нөлөө үзүүлж  мэднэ. Ингэвэл  байдал муугаар эргэнэ. ОХУ-аас үзүүлдэг нөлөө суларна. Узбекистанд ардчилал гарвал лалын шашны хэт даврагч намууд гарч ирэх магадлалтай. Үүнийг ОХУ тооцолгүй, түүнийг үүрд амьд байх юм шиг бодсоор ийм аюултай байдалд хүргэлээ. Нөгөө талаас  Оросын хэвлэлүүд охин Гулнараг шүүмжилж ирсэн нь эргээд гай болж байна.

-Узбекистанд  байдал эвгүйдвэл  Монголд ямар нэг сөрөг нөлөө үүсэх үү?

-Дундад Азид байдал аюултай болно. ЗХУ задарснаас хойш тусгаар улсыг тогтвортой байлгаж байсан гол удирдагчид өндөр настай болж нэг ёсондоо жагсаалаас гарч байна. Одоо Казахстаны ерөнхийлөгч Назарбаевын ээлж болж байна. Тэгэхээр Казахстанд ч, Узбекистанд ч лалын хэт даврагчид ялаад эхэлбэл Монгол Улсад хүчтэй нөлөөлнө. Монгол Улс хоёр үндэстэнтэй, монгол, нөгөө нь  казах. Казахууд нь лалын шашинтай. Тэгэхээр үүсч буй байдал манайд шууд заналхийлнэ гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ҮЛ-ОЛДОХ

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх