Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/15136013995a37b9777eff9.jpg

Монгол улсад Хүндийн өргөлтийн спорт үүсэж хөгжөөд нэгэн жаран улиран одсон байна. Монголын хүндийн өргөлтийн холбооны тамирчид хоёрдахь жаран буюу эхний жилээ л түүхэн амжилт үзүүлж Дэлхийн аваргаас Анхны хүрэл медалийн болзол ханган удаах 60 жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байхыг билэгдсэн түүхэн он боллоо.

АНУ-ын Анахэйм хотноо зохион байгуулагдсан хүндийн өргөлтийн ДАШТ-д шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр, тамирчин М.Анхцэцэг, Г.Ануужин, Э.Билэгсайхан нар оролцож Монголынхоо түүхэнд анх удаа дэлхийн аваргын Хүрэл медалийг М.Анхцэцэг авчирсан мэдээ Монгол түмнээ баярлуулсан билээ.

Тэгвэл "Алтан охин" хэмээн өргөмжлөгдсөн М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм бий.

Ц.Хосбаяр багш 10 настайдаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн ба спортын мастер цолыг 18 настайдаа, 19 настайдаа ОУХМ цол хүртсэн байдаг. Монгол улсын 1993 оны "Шилдэг тамирчин" Ц.Хосбаяр зах зээлийн нийгмийн хүнд хэцүү цаг үед Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндрөөр өргөж, нэгэн үзүүрт сэтгэлээр хүндийн өргөлтийн спортын төлөө зүтгэсэн нэгэн.

Өсвөр үеийн улсын 4 удаагийн аварга, залуучуудын 4, Насанд хүрэгчдийн 7, спартикадын 1 удаагийн аварга болсон. Монголын хүндийн өргөгчдөөс Азийн анхны аварга цолыг хүртсэн. Азийн АШТ-ээс 1 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль зүүсэн, улсдаа нэг номерын тамирчин байсан юм. "Атланта 1996" олимпод оролцохоор очсон боловч бэртлийн улмаас тэмцээндээ оролцож чадаагүй. Олон улсын тэмцээнээс 9 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн ба улсын рекордыг 62 удаа эвдсэн амжилттай.

Цэнхэржавын Хосбаяр Самбуу багшийн гарын шавь нь бөгөөд өнөөдөр өөрөө багшаасаа сурсан мэдсэнээ шавь нартаа зааж явна. Өдгөөгөөс таван жилийн өмнө Хүндийн өргөлтийн спортод зүтгэж явсан нэгэн үеийн хэдэн залуус О.Батсайхан Ч.Дашзэвэг, Ч.Даваадорж, С.Үенбаатар, Г.Даваадорж, Ц.Хосбаяр нар цугларч хайртай спортоо аврахын төлөө хамтран ажиллахаар тохиролцож зүтгэж эхэлсэн нь саяхан мэт. Ц.Хосбаяр гэхэд уул уурхайд ажиллаж байгаад их спортдоо эргэн ирсэн түүхтэй.

Монголын хүндийг өргөлтийн загалмайлсан эцэг Т.Самбуу багшийн захисан ёсоор Ч.Даваадорж холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болж, Ц.Хосбаяр дасгалжуулагчийн албанд зүтгэснээр энэ спорт дахин сэргэх эхлэл нь тавигдсан билээ. Тавхан жилийн дотор энэ спорт Дэлхийн хэмжээнд өрсөлдөх хэмжээнд хүрч очсон нь тэдний ач гавъяа мөнөөсөө мөн билээ. Мөн Удирдах зөвлөлд дэвшин хамтран ажилласан Ч.Даваабаяр, Ц.Хасбаатар зэрэг олон олон хүний хичээл зүтгэл байгаа нь мэдээж.

Азийн АШТ-ээс ганц медаль авбал баярладаг байсан тэр хүнд үе ард хоцорч одоо Дэлхийн хэмжээнд өрсөлдөх болсон туйванчид ирэх жил болох Азийн наадам Жакарта -2018, ДАШТ-үүдэд амжилт гаргахаар хичээнгүйлэн бэлдэж байна.

Ц.Хосбаяр ганц Хүндийн өргөлтөөр тамирчид бэлдэж явсангүй. Чөлөөт бөхөөр 73-р сургуульд дасгалжуулагчаар ажиллаж, 2012 оноос "Хасу мега старс" клубын тамирчидтай, 2015 оноос Үндэсний шигшээ багтай, 2015 оны арванхоёрдугаар сард жүдогийн тамирчидтай ажилласаар ирсэн юм.

Үндэсний бөхөөр Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Н.Жаргалбаяр нарын зэрэг 18 улсын цолтой бөх, аймгийн цолтой 50 гаруй бөхчүүдийг бэлдсэн байна.

Цэнхэржавын Хосбаяр дасгалжуулагч ДАШТ-ий дараа "Миний энэ амжилт багш нартай минь салшгүй холбоотой. Өвгөн багш Т.Самбуу, Б.Гансүх багш нардаа амалсан амлалтынхаа өчүүхэн хэсгийг биелүүллээ. Цаашид улам их амжилт гаргана" хэмээсэн билээ. Сэтгэлийнхээ дуудлагаар Их спортдоо эргэн ирж жижигхэн бэлтгэлийн танхимдаа л Аз жаргалтай байдаг түүний ажил үйлс нь улам ихээр өргөжин дэлгэрэх бизээ.

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх