etoim.mn
photos/og;oeiuwbgjklbeu.jpg

Сайн байна уу? Та манай улсын урдаа баридаг волейболчдын нэг. Энэ спортыг сонирхдог, хичээллэдэг хүмүүсийн дунд танаас суралцдаг, үлгэр дуурайлал авдаг хүн олон бий. Өөрийнхөө талаар манай уншигчидтай хуваалцаач. Хэзээнээс энэ спортоор хичээллэх болсон бэ?

- Намайг Эрдэнэбатын Сайханбаатар гэдэг. Би "Тэнүүн Огоо” спорт клубын тамирчин. 1991 оны 1-р сарын 31-нд Төв аймагт төрж, Дархан Уул аймагт 10 жилээ төгссөн. Волейболын спортоор 14 жил хичээллэж байна. Аав маань Дархан Уул аймагт талбайн теннисийг хөжүүлэхэд маш их хувь нэмэр оруулсан тамирчин хүн байдаг. Миний ээж улсын шигшээ багт тоглодог байсан Олон Улсын Хэмжээний Мастер Уранчимэг гэж хүн бий. Одоогоор багш дасгалжуулагч мэргэжлээр ажиллаж байгаа. Миний ээжийн шавь нар ихэнх нь шигшээ багт тоглодог, Монголын волейболын спортод маш их хувь нэмэр оруулсан, нөлөө бүхий хүн байдаг.  

Анх Дархан Уул аймагт ээжийнхээ удирдлаган дор анхны шавь нь болж спортын гараагаа эхлүүлсэн дээ. Одоо бол ээжийнхээ адил Олон Улсын Хэмжээний Мастер хэмээх эрхэм хүндэт цолонд хүрсэндээ баярлаж явдаг. Мөн Солонгос улсад "Спорт дасгалжуулагч, спорт анагаах ухаан” гэсэн мэргэжил эзэмшсэн ч одоогоор Витафит компанид ажилладаг. 

Таныг ээжтэйгээ хамт волейболын сургалт явуулдаг гэсэн. Сургалтынхаа талаар мэдээлэл өгөөч.

- Би 2014 онд сургуулиа төгсөж, эх орондоо ирсэн. Тэгээд л ээжтэйгээ хамт "Ирээдүй” гэж клуб нээгээд сургалт явуулдаг болсон. Сургалтаа насанд хүрэгчид болон хүүхэд гэсэн 2 ангиллаар явуулдаг. Суралцагчдаа эрэгтэй, эмэгтэй гэж ангилаад эмэгтэйчүүдэд миний ээж, эрэгтэйчүүдэд би багшладаг.  Насны хязгааргүй, тухайн хүний чадвараас хамаарч анхан, дунд гэж ангилдаг. Дунд шатанд сайн тоглож байгаа, үнэхээр амжилт үзүүлэх суралцагчдаа Тэнүүн Огоо клубтээ авдаг байгаа. Одоогийн байдлаар гурав дөрвөн тамирчин Ирээдүй клубээс Тэнүүн огоо клубын мэргэжлийн түвшинд оччихсон байна. 

Та нэлээн өндөр юм байна. Таны өндөр хэд вэ? Бусад тамирчидтай харьцуулахад хэр өндөрт ордог вэ?

- Миний өндөр 194см. Монголын шигшээгийн хувьд өнгөрсөн жил хамгийн өндөр нь байсан. Энэ жил дүү нар маань нэлээн өссөн байнх шиг байна лээ. Тэгхээр доошлох байх гэж бодоод байгаа. Харин Солонгост байхдаа 20 тамирчнаас доороосоо долоо наймд л байдаг байсан. 

Таны хувьд спортоор хичээллэхийн ач холбогдол юу вэ?

- Спортоор хичээллэсэн хүн бол зөв төлөвшил, зөв бие хүн гэдэг юмыг олж авна. Дээрээс нь багаар ажиллах чадвар, хүнтэй яаж харьцах уу гээд олон зүйлсийг мэддэг болно.

Тамирчдыг дэмждэг, спонсорлодог байгууллага, хувь хүн олон байдаг. Таны хувьд?

- Намайг анх сургуулиа төгсөөд Монголд ирж байхад спонсор гэхээсээ илүү хувь хүн талаас нь харж Витафит компаний захирал, волейболын холбооны алтан түнш Ц.Одхүү ах маань миний ажлын гарааг эхлүүлж, ажилд авч байлаа. Мөн миний нагац эгчийн нөхөр Атибус компаний захирал Баярмагнай ах маань намайг бүр багаас өдий хүртэл туслаж дэмжиж явсан хүн бий. Түрүү жил гэхэд л Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход тамирчдын автобусыг гаргаж өгч байсан. Дараагийн хүн бол Тэнүүн Огоо клубын маань Ганхуяг захирал маань байна. Энэ хүн Тэнүүн Огоо клубыг үүсгэн байгуулж, бүрэн тохижилттой маш сайхан заал бариж өгснөөр Монголын волейболын спортод үнэтэй хувь нэмэр оруулж, тамирчид биднийг маш их баярлуулсан. Ер нь ах нар маань спонсор гэхээсээ илүү хувь хүн талаас минь намайг зөв төлөвшүүлж, их юм зааж сургадаг. Спонсор гэхээрээ л зөвхөн мөнгөн тусламж үзүүлээд байна гэсэн үг биш шүү дээ. Энэ ах нар маань намайг маш их дэмжиж, үргэлж туслаж байдагт нь маш их баярлаж явдаг. Мөн хамт олон, ажилчид маань байна. Энэ бүх хүмүүстээ маш их баярлаж явдгаа хэлмээр байна. Нэр нь дурдагдаагүй маш олон хүн байгаа. Бас Алтайн барс клубын хамт олон болон Мөнхнаран ахдаа маш их баярлаж явдаг шүү.

Та "Тэнүүн Огоо” багаас гадна Монгол улсын шигшээ багт тоглодог. Хэзээнээс шигшээ багийн бүрэлдэхүүнд орсон бэ?

Шигшээ багт 2010 онд дуудагдаж, довтлогчийн үүрэг гүйцэтгэн тоглох болсон. Тэр үед би Солонгос улсад суралцдаг байсан юм. Шигшээ багт ороод хамгийн анх Гуанжугийн Азийн наадамд оролцож байлаа. Шигшээ багийнхантайгаа маш олон тэмцээнд оролцсон. Хамгийн сүүлд гэвэл манай улсад зохион байгуулагдсан "Зүүн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-д оролцож, 4-р байр эзлэсэн байгаа.

Таны бодлоор манай улсад энэ спортын хөгжил ямар шатанд явж байна. Манай тамирчдын ур чадварыг бусад орныхтой харьцуулбал?

- Манай оронд сайн хөгжсөн спортуудын нэг гэж боддог. Волейболын спортыг мэдэхгүй хүн гэж алга. Бараг 8 настай балчраас 80 буурал хүртэл волейбол тоглож байна. Харин тамирчдын хувьд бусад улсын тамирчдаас техникээрээ дутахгүй ч намхан нуруутайгаас гадна бэлтгэл, сургуулилтын нөхцөл байдлаас шалтгаалаад ур чадварын хувьд бага зэрэг дутмаг байдаг. Бусад орны тамирчдын хувьд ажил хийнэ гэсэн юм байхгүй зөвхөн бэлтгэл, сургуулилтаа сайн хийгээд явах л үүрэгтэй, цаанаас нь цалинжуулаад, бүхий л хэрэгцээтэй зүйлсээр нь хангаж өгдөг учраас нэг ёсондоо бэлтгэл нь ажил нь болчихсон байдаг. Гэтэл манай тамирчдын хувьд давхар ажил хийдэг. Өөр өөрсдийн ажлын хажуугаар дуртай спортоо орхилгүй хичээллээд ажил, бэлтгэлээ хослуулаад явдаг нь бага зэрэг сул тал болдог. Яг ижилхэн нөхцөлд, ижилхэн бэлтгэлтэй байвал гадны тамирчдаас хамаагүй илүү байх бүрэн боломжтой.  

Монголд волейбол тоглодоггүй хүн гэж бараг байдаггүй. Яг мэргэжлийн түвшинд тоглодог тамирчин хүн хэр олон бэ? 

- Ажил мэргэжил, нөхцөл байдлаасаа шалгаалаад байнгын бэлтгэл хийгээд, тоглоод байхгүй хүмүүс ч олно байна. Мэргэжлийн клуб гэхэд л зургаа, долоо байдаг. Тэр клубүүд доод тал нь 12 тамирчинтай гээд бодохоор мэдээж тамирчид олон.   

Манайд волейболын тэмцээн ямар ямар насны ангиллаар явагддаг вэ?

- Мини буюу хүүхдийн тэмцээн, өсвөр үеийн, идэрчүүдийн, залуучуудын, насанд хүрэгчдийн, ахмадын гээд бүхий л ангиллаар явагддаг. Ер манай улсын волейболын холбоо маш сайн ажилладаг. Тэмцээн бол ерөнхийдөө талбайн хэмжээнээс хамаараад Буянт-Ухаа спорт цогцолборт болдог. Волейбол тоглоход зайлшгүй хэрэгтэй зүйлсийн нэг бол том, чөлөөтэй талбай шүү дээ. 

Дотооддоо зохион байгуулагддаг улсын тэмцээн уралдааны талаар танилцуулаач.

- Урьд нь хамгийн том тэмцээн бол "Үндэсний лиг” байсан. Энэ тэмцээн өөрчлөгдөөд "Холбооны цомын аварга шалгаруулах тэмцээн” болсон байгаа. Ерөнхийдөө 1-с 2 сарын хооронд Хасу Мега Старс клубын нэрэмжит "Хасу кап”, "Хаврын тэргүүн”, Намрын тэргүүн гэсэн тэмцээнүүд болдог байсан бол энэ жилээс манай Тэнүүн Огоо спорт клубын нэрэмжит "Тэнүүн Огоо кап” гэсэн тэмцээн жил бүр зохион байгуулагдахаар болоод байна. 

Нийтийн тээвэрчдийн томоохон төлөөлөл болсон Тэнүүн Огоо клуб маань хамгийн том биш ч Монголдоо номер нэг гэж болохоор сайхан тохижилттой, бараг супер заалтай боллоо. Үүнтэй холбогдуулан клубынхээ нэрэмжит тэмцээнийг 9 сарын 9-нөөс 18-ны хооронд зохион байгуулах гэж байна. 

Тэнүүн Огоо багийн амжилтуудаас хуваалцаач.

- Клуб байгуулагдаад анхныхаа тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Тэрний дараа жил Намрын тэргүүн шалгаруулах тэмцээнд аварга болсон бол дараа нь Хасу кап тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, Бүх ард түмний спортын их наадмаас хүрэл медаль хүртлээ. Энэ бол чамлахааргүй амжилт юм. Манай багийхан болон компаний хамт олон маань нэг сэтгэл зүрхтэй хүмүүс учраас л өдийг хүрсэн гэж боддог. Өнөөдрийг хүртэл гаргасан амжилтууд маань зөвхөн тамирчдын биш, нийт "Тэнүүн Огоо”-чуудын маань амжилт юм шүү гэдгийг бас хэлмээр байна. Тогооч эгч нар маань биднийг нисэхэд тоглолттой байхад хүртэл хаа байсан 3-р баазаас халуун хоол, цай хийж зөөдөг.

Ямар ч үед бидний төлөө байдаг хамт олондоо маш их баярладаг шүү. 

Бусад клубүүд ямар байдгийг мэдэхгүй байна. Манай Тэнүүн Огоо клубын хамт олон бол тамирчиддаа асар том хайрыг үзүүлж чаддаг. Манай зааланд тамирчдын амрах өрөө, фитнесс гээд шаардлагатай бүхий л зүйл бэлэн байдаг. Би Солонгост байхдаа дээд зэрэглэлийн тамирчин байсан. Тэр үед Монгол хэзээ ийм болно оо гэж боддог байсан бол одоо яг л ижилхэн бүх юм нь л бэлэн байна.

Өнгөрсөн хугацаанд хүндрэлтэй асуудлууд тулгарч л байсан байх. Тэдгээрээс хамгийн хэцүү нь?

- Ер нь бол спортоор хичээллэнэ гэдэг тэр чигтээ хүндрэл. Ямар ч асуудал тулгарч болно. Гэхдээ тамирчин хүний хувьд хамгийн чухал нь сэтгэлзүй. Нуулгүй хэлэхэд би өөрийгөө сэтгэлзүй тийм ч сайтай гэж бол хэлэхгүй. Гэхдээ хэзээ ч шантарч үзээгүй. Харин хямардаг, дээрээс нь маш хурдан шатдаг. Энэнээсээ болоод нэлээд том том ялагдлыг хүлээж байсан. Хамгийн сүүлд л гэхэд энэ жил болсон бүх ард түмний спартакиад буюу "Монголын олимп”-т оролцоод алтын төлөө тоглох боломжтой, магадгүй алт ч авах боломжтой байсан бол шаталтаасаа болоод ялагдаж хүрэл авлаа. Миний алдаанаас болж баг хамт олон минь хожигдол амссан. Тэр ялагдлаас болж би үргэлжлүүлэн тоглох хүсэлтэй болсон. Уг нь түрүүлнэ гэсэн итгэлтэй байсан болохоор битүүхэндээ "аварга авчихаад дараа жилээс тоглохоо болино” гээд бодчихсон байсан. Тэр тоглолт надад маш их зүйлийг ухааруулсан. Би урьд нь өөрийгөө ялж байна гэж боддог байсан ч ялагдаж байсан юм байна гэдгээ ойлгосон.   

Миний хувьд хамгийн том хүндрэл гэвэл шаталт л байна даа. Одоо бол хүүхэд байх үеийнхээсээ багасч л байна. Ер нь бол миний хамгийн том өрсөлдөгч би өөрөө. Өөрөөр бол би бэлтгэл сургуулилт, бэртэл гэмтлээс хэзээ ч шантарч үзээгүй. Бэртэл гэмтлийг бол зөндөө авч байсан. Мэдээж тамирчин хүн л юм чинь наад захын бэртэл гэмтэл, хүндрэл бэрхшээлийг давах чадвартай байх хэрэгтэй. Хөлөндөө маш хүнд бэртэл авч байсан. Үүнээсээ болоод Солонгосын үндэсний дээд лигрүү орж чадахаа болисон. Тэр үед бараг жил гаран тоглоогүй.

Дашрамд дурьдахад, намайг буцаж волейбол тоглох эрч хүч, хүсэл эрмэлзлийг минь бадрааж өгсөн Монголын волейболын холбооны хамт олон, нийт волейбол сонирхогчид, надад туслаж сэтгэлийн хандив өргөсөн бүх хүмүүстэй болоод хандивын үйл ажиллагаа зохион байгуулсан Мөнх-Оргил ах, Отгонбаяр ах, мөн гэр бүл, хамаатан сатан гээд тэр үед сэтгэлээрээ хамт байсан бүхий л хүмүүстээ талархлаа илэрхийлмээр байна. 

Оролцож байсан тэмцээнүүд дотроос сэтгэлд тань үлдсэн, мартагддаггүй тэмцээн аль нь вэ?

- Олон байна л даа. Тэр дундаас сүүлийн хожигдол л бүр аймар сэтгэлд үлдлээ. Би бүр шоконд ороод тэр шөнөө унтаагүй. Өмнө хожигдол хүлээж л байсан л даа. Тамирчин хүн л юм чинь ялах, ялагдах юм байлгүй л яахав. Гэхдээ тэр ялагдал бол ерөөсөө санаанаас гарахгүй байсан. Маргааш нь хүрэл медалийн төлөө тоглож хожоод, медалиа гардаж байхдаа ч өөртөө итгээгүй. 

Таны мөрөөдөл?

- Хүүхэд байхдаа волейбол тоглодог найзуудтайгаа гоё клубын тамирчин болоод багаараа ижилхэн хувцас, хэрэглэлтэй, том автобуснаас буугаад гоё заалруу ороод л бэлтгэлээ хийдэг болох юмсан гээд мөрөөддөг байсан бол одоо биелчихсэн байна. Мөрөөдөж байсан бүх юм маань байна. Мэдээж өөр бусад мөрөөдлүүд байна л даа гэхдээ тамирчны мөрөөдөл бол биелчихсэн л байна. Хамгийн гол нь энэ мөрөөдлөө яаж үргэлжлүүлэх вэ, ижилхэн мөрөөдөлтэй байгаа хүүхэд залуусыг мөрөөдлөө хүрэхэд нь хэрхэн туслах вэ? гэдэг нь миний өөрийн зөв үйлдлээс л шалтгаална гэж боддог учраас хариуцлагатай болж байна. Цаашдаа волейболын спортод үнэтэй хувь нэмэр оруулж, бидний үеийн залуусаар дамжуулан улам сайн тамирчид гарч ирээд, энэ спортын хөгжлийг илүү өндөр түвшинд хүргээсэй л гэж хүсч байна даа. 

Та энэ спортоор олон жил хичээллэсэн туршлагатай, чадварлаг тамирчны хувьд залуу үедээ зориулаад зөвлөгөө өгөөч.

- Тухайн хүнийг харж байгаад, яг тохирсон зөвлөгөөг өгвөл арай өөр л дөө. Яагаад гэвэл хүн бүрт чаддаг, чаддаггүй зүйл бий. Тийм болохоор нийтэд нь тэг, ингэ гэж зөвлөх нь тийм ч тохиромжтой биш байдаг. Тийм болохоор сургалтанд хамрагдаж байгаа хүүхдүүдтэйгээ бүгдтэй нь л тулж ажиллаж, тохирох заавар зөвлөгөөг өгөх гээд хичээгээд явж байна даа. 

Ярилцсанд баярлалаа. Танд болн хамт олонд тань амжилт хүсье. 

Etoim.mn

Таалагдахгүй байна

32
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Anna

[202.179.23.47]

2016-09-20 03:37:33

saihanbaatar ta bol togs buteegdsen hun ym bna. Oooloh ym negch alga gagtshuu ireduigee sain hynaj yawarai

Bobo

[103.229.123.202]

2016-09-02 16:58:00

Sain tamirchin shu hicheegeerei

Зочин

[112.72.11.116]

2016-09-01 00:16:29

оюукаа оюукаа

[112.72.11.116]

2016-09-01 00:15:42

Би өөрөө волейбол тоглоод 3 жил болж байна тэгээд олон тэмцээнд орж хожиж хожигдожил явсан. Гэхдээ би Сайханбааьар шиг мундаг тоголдог хүнийг харж байгаагүй тиймд би Сайханбааьарын