Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/70578-946ef44bcba18a989e24f5c9efd4e410.jpg

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу  11 дүгээр сарын 19-ний ням гарагт тохионо. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтоод байгаа билээ.  Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор энэ удаа энгэрээ мялаалгах эрхмийн нэрийг зарлах хэвлэлийн бага хурал өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.  Энэ 2017 онд Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмээр олимпийн аваргын алт, мөнгө медальт жудо бөхийн тамирчин Найдангийн Түвшинбаярыг нэрлэлээ.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ үеэр хэлсэн үгэндээ “Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.  Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 19-ний өдөр тохиож байна. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно.  Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөө жил Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг Монгол Улсын анхны олимпын аварга, олимпын анхны хос медальтан, жүдо бөхийн тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаярт хүртээхээр шийдвэрлэснийг Та бүхэнд уламжилж байгаадаа баяртай байна.  Найдангийн Түвшинбаяр 1984 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д.Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон нь болон мэндэлсэн.  Булган аймгийн Эрдмийн Өргөө цогцолбор 2 дугаар сургуулийг 2002 онд, "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг 2006 онд багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.  Монгол хөвгүүдийн жишгээр үндэсний бөхөөр барилдаж өссөн Н.Түвшинбаяр нутагтаа н.Эрдэнэ-Очир баг­шийн удирдлага дор барилдаж байсан бол нийслэлд ирээд Х.Болдбаатар, Ч.Насантогтох нарын шавь болж, 2006 оноос улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, олон улсын тэмцээнд 100 кг-ийн жинд барилдаж эхэлсэн.  2008 онд Зуны олимпын  29 дүгээр  наадмын алт,  2012 онд Зуны олимпын 30 дугаар наадмын мөнгө, 2017 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2015 онд Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2014 онд Азийн наадмын алт, 2014 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртсэн.  Найдангийн Түвшинбаяр 2008 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын түүхэнд олимпын анхны алтан медалийг хүртсэн нь 2008 оны 7 дугаар сарын 01-ний “хар” өдрийн иргэдийн үймээн, талцал, үл ойлголцлыг эвлэрүүлэн зөөллөж, монголчуудын эв нэгдлийг хангах, улс төрийн хурцадмал үйл явцыг намжаахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.  Мөн Н.Түвшинбаяр 2013 онд Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 6 давж, Монгол Улсын харцага цол, 2017 онд долоо давж, Монгол Улсын заан цол хүртсэн юм.  Монгол ахуйгаас урган бойжсон, дэлхийн дэвжээг хөдөлмөрөөрөө эзэгнэж, монгол түмний сэтгэлийн хоймрыг эзэлж, магнайг тэнийлгэж явах ховор хувь заяанд төрсөн Монгол бахархал - Найдангийн Түвшинбаяр Танд гүн хүндэтгэл, талархал илэрхийлье” гэлээ.  Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 19-ний өдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа тогтсон дэг жаягийн дагуу болох юм. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх