etoim.mn
photos/цагдаа.jpg

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд бага насны хүүхэд алга болоод олдоогүй байгаа, эрэн хайж байгаа ажлын явц, цагдаагийн байгууллагаас алга болсон хүнийг ялангуяа хүүхдийг олж эрэн сурвалжлах  талаар зохион байгуулж байгаа ажлын талаар тодруулга авлаа. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ж.Батмөнхөөс  тодрууллаа.

 

- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 8 настай хүүхэд алга болоод байна. Охины эрэн хайх ажиллагаа ямар шатанд явж байна вэ?

- Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2017 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 12:30 цагийн орчимд Замын-Үүд  сум 3 дугаар баг Мөнгөн шонхорын 3-18 тоотод оршин суух Дашдулам овогтой Сэржмядаг нь /8н, эм/ хичээлдээ явна гээд сураггүй, хаана байгаа газар нь тодорхойгүй сураггүй алга болсон мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилт зарлаж, эрэн хайх болон шалгалтын ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна.

Уг ажилд ЦЕГ-ын даргын тушаалаар Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг томилогдон газар дээр нь ажиллаж байна.

Хүүхэд алга болсон мэдээлэл авсанаас хойш өнөөг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагаас  улсын хэмжээнд эрэн сурвалжлалт зарлаж, хүүхдийн явсан маршрут, ойр дотны хүмүүс, сургуулийн багш, найзууд, айл хөршийн хүмүүстэй уулзаж, тайлбар, байцаалт  авч, очиж болох хаяг бүрийг шалгаж,  эрэн хайх ажиллагааг аймгийн хэмжээнд орон нутгийн төр захиргааны  байгууллага болон сайн дурын иргэдийг хамруулан зохион байгуулж ажиллаж байгаа боловч охин одоогоор олдоогүй байна.       

Дорноговь аймгийн цагдаагийн газар, БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газартай байгуулсан Санамж бичгийн дагуу  охиныг эрэн сурвалжлах ажиллагаанд хамтран ажиллах тухай саналаа хүргүүлсэн, одоогоор хариу ирүүлээгүй  байна.

- Эрлийн ажиллагаа цар хүрээ ямар байна. Цагдаагийн бие бүрэлдэхүүнээс гадна ямар байгууллагууд эрлийн ажиллагаанд  хамтарч байна вэ?

- Эрэн сурвалжлах болон эрэн хайх ажиллагаанд Дорноговь аймгийн цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг болон Зам-Үүд сум дахь цагдаагийн хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Орон нутгийн төр захиргааны болон сайн дурын 700 гаруй хүн, 70 гаруй тээврийн хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг 11 дүгээр сарын 02, 03-ний өдрүүдэд Замын Үүд сумын 1-5-р багийн нутаг дэвсгэрт зохион байгуулж, сумын ААНБ, айл өрх бүрээр нэг бүрчлэн орж охины зураг, мэдээллийг өгч ажиллаж байгаа боловч одоогоор охин олдоогүй, эрэн сурвалжлалтыг тасралтгүй зохион байгуулж байна.

Дорноговь аймагт гамшгийн иж бүрэн сургалтанд хамрагдаж буй онцгой байдлын болон мэргэжлийн ангийн 250 гаруй  хүнийг аймгийн хэмжээнд эрэн хайх ажиллагаанд татан оролцуулах шийдвэр гараад  байна.

- Хүүхэд алга болж байгаа шалтгаан шалтгаан нөхцөл нь юу юм бол?

- Оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүмүүсийн шалтгаан нөхцлийг судлан үзэхэд насанд хүрсэн хүмүүс нь голдуу  гэр бүлийн маргаантай, ойр дотны хүмүүсдээ хэлэлгүй хөдөө орон нутаг, ах дүүгийндээ очих, баар цэнгээний газар, амралтын газраар явахдаа утсаа салгах, хүүхэд нь ар гэрийн таарамжгүй харилцаанаас шалтгаалж гэрээсээ дайжин гадуур тэнэх, эцэг эх нь үр хүүхдээ хайхардаггүй, найз нөхөдтэйгөө нийлж ПС тоглоомонд донтож хонуутаар тоглодог асуудал их байна.

- Цагдаагийн байгууллагаас хүүхэд алга болохоос урьдчилан сэргийлсэн ямар арга хэмжээ авдаг юм бэ?

- Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, хандлагыг өөрчлөх талаар иргэдэд уриалга, зөвлөмж өгөх, сургуулийн эргүүлийн үйл ажиллагаанд тэднийг татан оролцуулах, хүүхдүүдийн гэр, сургууль руу зам маршрутыг тогтоож эргүүлийн чиглэл, байршилд авч хяналт тавих, орон нутгийн засаг захиргаа болон хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай  хамтран ажиллаж байна.

- Цаашид иргэд олон нийтэд анхаарах,  сэрэмжлүүлж хэлэх зүйл байна уу?

- Зарим сургуулиуд олон ээлжээр хичээлэлж хүүхдүүд оройн цагаар тардаг, эцэг эхчүүд бага ангийн хүүхдээ заавал сургуульд нь хүргэж өгч, авч байх, таксинд суулгасан бол машины дугаар, маркыг тэмдэглэж авч байх хэрэгтэй байна.

Гадаад улсуудад хүүхдийн гэр, сургууль руу явах гудамж, замыг  камерын хяналтанд авдаг туршлага  байна.

Эцэг эхчүүдэд хандаж  хэлэхэд хүүхдэдээ тавих хяналтаа сайжруулах,  багш  эцэг эхчүүд  байнга холбоотой байх, хүүхдийнхээ  сурлага, хүмүүжил болон гадуур ямар хүнтэй нийлж байна гэдгийг мэдэж байх, хүүхдээ сайн сонсдог баймаар байна гэж хэлье.

- Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

А.Баярмаа

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх