Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1.jpg

Та бүхэнд “Монголын Хоккейн Үндэсний Шигшээ Баг”-ийн чадварлаг залуу тоглогчдын нэг И.Гэрэлтийн ярилцлагыг хүргэж байна.

Юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө болон багийнхаа талаар товчхон танилцуулаач.

- Сайн байна уу? Намайг Гэрэлт гэдэг. Би 19 настай, хоккейн спортоор хичээллээд 8 жил болж байна. Одоо МҮИС-н 3-р курсын оюутан. Эрдэнэт хотын Хангарьд спорт клубын “Хангарьд” багийн тамирчин. Мөн 2015 онд 18 настай байхдаа улсын шигшээ багт дуудагдаж байсан. Түүнээс хойш олон улсын тэмцээнд оролцохдоо улсаа төлөөлж шигшээ багаасаа тоглож байна. Шигшээ багийн дасгалжуулагч А.Мэргэн гэж Монголд хоккейн спортыг хөгжүүлэхийн тулд маш их зүйл хийсэн хүн байдаг. Харин багийн ахлагч Н.Мишигсүрэн гэж хүн бий. Манай баг 22 хүний бүрэлдэхүүнтэй, 19-с 33 насны тамирчид байдаг. 

Манай оронд багийн спортын хөгжил тийм ч сайн биш, тэр тусмаа хоккейн спорт төдийлөн хөгжөөгүй. Яагаад заавал энэ спортыг сонгон хичээллэх болсон бэ?

- Хамгийн гол шалтгаан нь гэвэл миний аав бас энэ спортоор хичээллэдэг байсан. Одоо ч ахмадын тэмцээнд тоглодог. Тэгээд л бүр багаасаа ээжтэйгээ хамт аавынхаа тоглохыг хичнээн хүйтэн байсан ч хамаагүй очиж үзсээр байгаад энэ спортод дурласан. Хоккей бол миний амьдралын салшгүй хэсэг. Бас энэ спортоор хичээллэснээр хүн маш их сахилга баттай болж төлөвшдөг.  

Чиний бодлоор энэ спортын хөгжил Монголд ямархуу шатанд явж байна, хичээллэдэг хүүхэд залуус хэр олон байдаг вэ?

- Манай улсад хоккейн спорт хөгжөөгүй юм шиг боловч яг тамирчдын чадварыг харвал маш сайн хөгжсөн гэж болохоор. Гадны шүүгч, дасгалжуулагчид ч манай тамирчдыг байнга бэлтгэл сургуулилт хийх боломжгүй, өвөлдөө л талбай дээр бэлтгэл хийдэг гэхэд үнэхээр сайн тамирчид, ясны хоккейчин хүмүүс гэж яридаг юм байна лээ. Бас Монголчууд энэ спортоор хичээллэж эхлээд удаж байна. Манай аав л гэхэд над шиг байхдаа тоглож эхэлсэн. Одоо 50 хүрчихсэн хүн гээд бодохоор 30 гаран жилийн өмнө үүссэн байсан гэсэн үг. Бас сонирхогч олонтой боловч өртөг өндөртэй спорт учраас хүссэн бүхэн нь энэ спортоор хичээллээд байж чаддаггүй. Улсаас ядаж хувцас, хэрэглэлийн асуудлыг нь шийдээд өгвөл хоккейн спортоор хичээллэх хүүхэд, залуус ихсэж, илүү хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Анх хаана, ямар дугуйланд суралцаж, тамирчин болох гараагаа эхэлж байв?

- Миний хамгийн анхны багш миний аав. Аав минь надад яаж гулгах вэ? гэдгээс эхлээд энэ спорттой холбоотой бүхий л зүйлийг зааж сургасан гайхамшигтай хүн. Бас нэг л зүйлийг маш сайн ойлгуулж, захисан нь “цэвэрч байдал”. Хоккей тоглох үед олон хувцас өмсөнө, хөлс их гарна. Тийм учраас цэвэрч байдал бол сайн тоглодог байхтай адил хамгийн чухал зүйлсийн нэг. Анх хичээллэж эхлэх үед яг тогтсон дасгалжуулагч гэсэн хүн байгаагүй. Тэмцээнд орох үед манай багийнхныг хариуцаж, авч явдаг Энхтөр гэж хүн байсан. 

Хоккейн спортоор хичээллэхэд хүндрэлтэй юм юу байдаг вэ?

- Манай улсын хувьд бол 4 улирлын заал байхгүйь өвөлдөө л тоглох боломжтой. Гэхдээ бас л заал байхгүй учраас хүйтэн байсан ч хамаагүй гадаа бэлтгэл хийнэ. Дээрээс нь хувцас, хэрэглэл нь нэлээн үнэтэй байдаг болохоор сонирхсон хүн бүхэн хичээллэх боломжгүй байдаг. Би бол энэ спортыг жинхэнэ эр хүний спорт гэж боддог. Яагаад гэвэл хоккей тоглоход хүн бүхий л эд эрхтэн, тархиа ажиллуулах хэрэгтэй болдогоос гадна маш их тэсвэр тэвчээр, авхаалж самбаа шаардсан спорт. 

Монголд 4 улирлын заал байхгүй гэж байна. Өвлөөс бусад үед бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ? Бусад улиралд тэмцээнд орох болвол яадаг вэ?

- Өвөл бол гадаа талбайд бэлтгэл хийдэг. Бусад улиралд заал, талбайн асуудал гардаг учраас тоглолтын бэлтгэл бараг хийдэггүй, өөрсдийнхөө хувийн бэлтгэлийг хангадаг. Ингэхдээ гүйх эсвэл адил төстэй багийн спортуудаар хичээллэх зэргээр бэлтгэл хийдэг. Харин хүйтрээд мөс хөлдөөд ирэхээр ямар ч завгүй, байнгын бэлтгэл хийдэг. Зарим тэмцээнд орохдоо сарын өмнө ОХУ-д очиж бэлтгэл хийх тохиолдол ч гардаг.

Үндэсний шигшээ багт тоглоод 2 жил болж байгаа гэсэн. Энэ хугацаанд гаргасан амжилтуудаасаа хуваалцаач.

- Миний хувьд шигшээ багт орсноосоо хойш 2015, 2016 оны Азийн “Challenge cup” гээд цомын тэмцээнд дарааллан хүрэл медаль хүртсэн. Харин манай шигшээ багийнхан бол энэ тэмцээнээс сүүлийн 4 жил дарааллаад хүрэл медаль хүртэж, Монгол улсынхаа нэрийг гаргаж байна. Мөн 2016 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод 4-р байр эзлэсэн.

4 улирлын заалгүйгээс болоод бусад орны тамирчидтай ижил түвшний бэлтгэл хийж чадаагүй, дээр нь 5 хоног галт тэргээр явж очоод шууд тэмцээндээ оролцож байхад ийм амжилт үзүүлж байгаа юм чинь заалтай болоод бэлтгэлээ сайн хангаад оролцвол түрүүлэх боломж асар өндөр болно гэдэгт итгэлтэй байна.

Хамгийн сүүлд ямар тэмцээнд оролцсон бэ, ямар амжилт үзүүлэв?

- Өнгөрсөн хавар 3 сарын 13-наас 18-ны хооронд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо зохиогдсон 2016 оны Азийн Challenge cup-д оролцоод хүрэл медаль хүртсэн. Энэ тэмцээнд оролцож буй багууд 3 хэсэгт өрсөлддөг. Манай улсын баг тамирчид дунд хэсэгт буюу Тайланд, Тайвань, Макао, Сингапур, Араб /UAE/ улсын багуудтай өрсөлддөг. Харин дээд хэсэгт Солонгос, Хятад, Япон зэрэг хоккей илүү өндөр түвшинд хөгжсөн орнууд, доод хэсэгт бол түрүү жилээс оролцож эхэлж байгаа улс орнуудын баг тамирчид өрсөлддөг байгаа. 

Монголд ямар ямар тэмцээн зохиогддог вэ, хэр олон баг оролцдог юм бол?

- Хамгийн олон баг оролцдог тэмцээн гэвэл “Алтан шайб” гээд өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн болдог. Мөн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд бараг 10 баг оролцдог. “Монголын лиг” гэгдэх залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болдог. Тэр тэмцээнд бол үндсэн 6 баг л оролцдог. Энэ 6 баг нь тойргоор тоглоод, шилдэг 4 баг шалгарч хоёр хоёроороо тоглоод түрүүлж 3 удаа хожсон 2 баг нь алтын төлөө, үлдсэн 2 нь хүрлийн төлөө тоглодог. Энэ тэмцээн дууссаны дараа 3 дасгалжуулагч, тус тэмцээнд орсон 6 багийн ахлагч нар хуралдаад шигшээ багт ямар ямар тоглогч авахаа шийддэг. 

Өвөл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн. Тэр талаараа сонирхуулахгүй юу.

- Өнгөрсөн 2 сарын 9-нөөс 16-ны өдрүүдэд ОХУ-ын Ульяновск хотод зохион байгуулагдсан бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг түрүүлэх боломжтой байсан ч өөрсдийн буруугаас алдаж, 4-р байранд орсон. Манай багийн хувьд санхүүгийн асуудлаас болоод энэ тэмцээнд оролцохгүй гэж байснаа гэнэт явахаар болж 5 хоног галт тэргээр явж Москвад очоод тэндээсээ орон нутгийн нислэгээр 1 цаг гаран нисч Ульяновск хотод очиж байсан. Тэмцээнээс өмнө бэлтгэл хийж чадаагүй. Замдаа галт тэргэнд суниаж, зогссон үед нь гүйж, цохиур болон бөмбөгтэйгөө ажиллаад л очсон. Манай баг хэдий бэлтгэлгүй байсан ч таарсан баг болгоноо хожиж шилдэг 4-т үлдсэн. Тэгээд хамгийн эхэнд Унгарын багтай тоглож, 4:2-оор хожиж байгаад цаг дуусах мөчид тэнцэж, нэмэлт цагт 1 оноо алдан 5:4 болоод хожигдсон. Хүрлийн төлөө Украйны багтай тоглохдоо ч бас маш харамсалтайгаар яг ижил байдлаар хожигдсон. 

Одоо ямар тэмцээнд бэлдэж байна, танай багийн хамгийн ойрын зорилго?

- Ирэх 9 сарын 15-нд Хонконг улсад болох Stanley Cup буюу Азийн клубүүдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байна. Ойрын зорилго гэвэл 2017 оны “Азийн Өвлийн Олимп”-ын наадамд амжилттай оролцож, улс эх орныхоо нэрийг гаргах л байна даа. 

Ярилцсанд баярлалаа. Чамд болон танай багийн хамт олонд амжилт хүсье. Дараа дараагийнхаа тэмцээнүүдэд амжилтаа улам ахиулна гэдэгт итгэлтэй байна. 

Etoim.mn

Таалагдахгүй байна

24
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх