etoim.mn
photos/p1brpmuu3g186g11s162a8qi1sb31.jpg

Мандалговь хотынхны цэвэр усны эх үүсвэр болох Олгойн говийн худгаас аймгийн төв рүү татсан шугам хоолой цоорох явдал сүүлийн жилүүдэд олон удаа давтагдаж байгаа юм. Энэ нь хотынхны ус хангамжийг хариуцан ажилладаг “Дундговь- Ус” ОНӨҮГ- ын хувьд ихээхэн тулгамдсан асуудал болж байна. Учир нь тус байгууллагын экскаватор эвдэрч, таг зогссон тул шугам хоолойн гэмтлийн үед газар ухах ямар ч боломжгүй болоод байгаа ажээ. Олгойн говийн худаг Мандалговиос 35 км зайд оршдог. Тэндээс  аймгийн төв рүү чиглэсэн усны төмөр хоолойг хуванцараар сольсон нь хүн амын усны эрүүл ахуйг сайжруулахад ач холбогдолтой бүтээн байгуулалт болсон байдаг. Гэхдээ хуванцар хоолой байнга цоорч, усан хангамжийн хэвийн ажиллагааг алдагдуулж байгаа нь зөвхөн усаар хангагч байгууллагын биш аймгийн төвийн ард иргэдэд тулгамдаж буй ноцтой асуудал болж байгаа юм. Хадархаг гадарга дээр хуванцар хоолойг ямар ч хамгаалалтгүй тавьсан нь усны даралтын улмаас үрэгдэж цоороход хүргэж байгаа гэж тус байгууллагынхан үздэг. Өнгөрсөн өвөл хоолой цоорох үед экскаватор нь эвдэрч, засвар авах ямар ч боломжгүйгээр таг зогссон бөгөөд түүнээс хойш  хэд хэдэн удаа шугам цоороход орон нутагт ажиллаж байсан гаднын компанийн экскаваторыг гуйж байсан гэнэ. “Одоо бидэнд экскаватор байхгүй. Орон нутагт ийм техниктэй аж ахуйн нэгж ч байдаггүй учраас биднийг хамгийн их түгшээж байгаа зүйл бол шугамын гэмтэл, гэмтэл гарсан үед шугамаа ухаад гаргах техникгүйн зовлон болж байна” гэж  “Дундговь Ус” ОНӨҮГ- ын захирал Д. Ганбаатар ярьсан юм. Энэ тухайгаа ч аймгийн ИТХ, ЗДТГ- т удаа дараа хэлж, хүсэлт илгээж байгаа гэв. Ундны усны шугамыг хуванцар хоолойгоор солих ажил нийт 5.2 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэйгээр 2009 онд эхэлсэн байдаг. 1.8 тэрбум төгрөгийн ажлыг “Одкон Холдинг” ХХК гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгсөн бөгөөд дараа нь 2012 онд 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр “Боорчи”, Эн Эй Би” ХХК хамтран шугам хоолойн шинэчлэлийг үргэлжлүүлж дуусгасан.Эл хоёр компанийн сольсон шугам хоолойд ийнхүү доголдол давтан гарсаар байгаа ажээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх