etoim.mn
photos/2no7sqgkdkiitd0v9386eki2m5.jpg

Нийгмийн аюулгүй байдлыг сахихаар бие сэтгэлээ харамгүй зориулж яваа Архангай аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хууль зүйн ухааны магистр, дэд хурандаа Д.Болдбаатартай ярилцлаа. 

 

-Та аль сургуулийг төгссөн бэ. Яагаад мөрдөгч мэргэжлийг сонгов?

-1983-1988 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны төрийн дээд сургуулийн хуулийн анги төгсөөд Өвөрхангай аймгийн Хар хорин суманд төлөөлөгч, отрядын даргаар ажилласнаар ажлынхаа гарааг эхэлсэн. Ингээд 1990-1996 онд Сум дундын шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой байсан учраас тэр ондоо Архангай аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагчаар томилогдон ажилласан. 1999 онд тус хэлтсийн мөрдөн байцаах хэлтсийн даргаар томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд олон ч хэрэг зөрчилтэй учирч саад бэрхшээлийг туулж ирлээ.

 

-Та ажиллах хугацаандаа авч байсан шагналуудаасаа дурьдахгүй юу?

-За би ч дээ, бусдын л адил ажиллаж амьдарч байсан болохоор шагналын тухайд ч нэг их ярихыг хүсэхгүй л байна. Гэхдээ уншигчдаа хүндэтгээд, хамт олноо төлөөлж байгаа болохоор зарим нэгийг нь хэлье. Улсын мөрдөн бай-цаах газрын тэргүүний мөрдөн байцаагчаар хоёр удаа мөн тэргүүний удирдах ажилтнаар хоёр удаа, 2005 онд цагдаагийн гавьяа тэмдгээр тус тус шагнуулсан амжилттай хүн дээ. 

 

-Та мөрдөж байсан хэргүүдээсээ ярихгүй юу. Хамгийн их хүч чармайлт цаг зарцуулсан ямар хэрэг байв?

-Манай аймагт ихэнхдээ малын хулгай зонхилдог. Түүнээс хамгийн их цаг хугацаа шаардсан хэрэг бол 38 холбогдогчтой, 58 үйлдэлтэй хэрэг дээр хоёр сар гаруй ажилласан даа. Мөн алтны уурхайн ажилчдыг хөнөөгөөд 10 сая төгрөгийг нь аваад явсан болон хүний амь насыг хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэг ч гарна. Хамгийн сүүлд л гэхэд хойд аав, төрсөн ээхийнхээ амийг хөнөөгөөд зугтсан этгээдийг баривчлах хэсэгт ажилласан даа. 

 

-Та дээрх хэргүүдээсээ нэгнийх нь тухай ярьж болох уу?

-Дээр хэлсэн хойд аавыгаа ээжтэйгээ хөнөөсөн хэргийн талаар ярьж болох байх. Энэ талаар улсын хэмжээнд яригдаж, нэлээдгүй юм болж байсан. Энэ хэрэгт тэр айл ын хүү яллагдсан бөгөөд хойд эцэгтэйгээ таарамжгүй байдаг байсан байгаа юм. Тэгээд хэрэг гардаг өдөр тэднийд саахалт буухаар айл нүүж ирж л дээ. Ингээд үдэш орой болсон болохоор маргааш өглөө нь гэрээ барихаар шийдээд оройдоо архи ууцгаасан байгаа юм. Ингээд л унтахаар хэвтсэн хойгуур нь хүү нь эхлээд хойд аавыгаа, төрсөн эхийгээ нөгөө орон дээр нь унтаж байсан айлын хоёр хүний хамт сүхдэж алаад, гэрээ шатааж өөрөө 20 кг ноолуураа аваад зугтсан байсан. Гэтэл тэднийд хоносон хүмүүс нь таван сая төгрөгөө дэрэн доогуураа хийгээд гал гарах үед хамт шатсан байсан. Түүгээр ч тогтохгүй малынх нь хашаанд байсан хурга, үхэр нь галын үеэр бүгд шатсан. 

 

-Тэр хэргийг хүүг нь үйлдсэн гэдгийг яаж тогтоосон бэ?

-Хэргийн газраас дөрвөн хүний цогцос олдсон бөгөөд ганцхан хүү нь хайчсан нь мэдэгдэхгүй алга болсон байсан. Ингээд л хүүгийнх нь араас эрэл явж, хэрэг болсны маргааш нь л 17 настай Б-г Хайрхан суманд нэг айлд байхад нь баривчилсан юм. Байцаалтын явцад хүү бүх үнэнээ хүлээж, бүүр хил давж амьдрахаар төлөвлөж байснаа хүртэл ярьсан шүү. 

-Тэр хүнд ямар ял оноосон бэ. Хэрэг үйлдэх үедээ согтуу байсан юм уу?

-Хэдийгээр архи ууцгаасан ч гэсэн хүү бараг согтоогүй байсан гэсэн. Харин бид бол зөвхөн хэргийг мөрдөх, түүний бүрдүүлэлт хийх л үүрэгтэй болохоор ял оноохыг мэддэггүй. Гэхдээ сураг дуулахад хүүд 17 жилийн ял өгсөн гэсэн.

-Та гэр бүлийнхээ талаар танилцуулаач. Хүүхдүүд чинь таныг дуурайж цагдаа болно гэж байна уу?

-Би эхнэр, охин хүүгийнхээ хамтаар амьдардаг. Том хүү маань одоо Санхүү эдийн засгийн дээд сургуульд сурдаг, оюутан. Харин охин маань л цагдаа болно гэж ярьдаг юм. Харин манай гэр бүлийн хүн бол хамгийн сайхан эмэгтэй. Цагдаа хүний ар гэр гэдэг маш хэцүү л байдаг байх. Би энэ тэр хэрэг гээд л явчихдаг. Гэртээ байхаасаа байхгүй нь их. Тэр болгонд сэтгэлийн хатуужлаар хоёр хүүхдээ өдий дайтай өсгөж, надад ч хүртэл сэтгэлийн дэм өгч явдагт нь хязгааргүй их баярладаг шүү. 

-Та сэжигтнээс ямар аргаар байцаалт авдаг вэ. Ер нь цагдаа хүний зан ааш мэргэжлийн онцлогоос болоод их өөрчлөгддөг гэсэн. Таны зан ямар вэ?

-Хэрэг хийсэн хүний үнэнийг хэлүүлэхийн тулд янз бүрийн л арга заль хэрэглэдэг. Зандарч нэг үзнэ, найз болоод тамхи ч өгч үзнэ. Гэхдээ байцаалт авах аргаасаа хамаагүй ярьвал дараа нь нөгөөдүүл чинь мэдчихээд хэргээ хүлээхээ байчихвал яана. Тэгэхээр хамаагүй юм хэлж болохгүй ээ (инээв). Харин цагдаа хүн л гэхээр мэргэжлийнхээ онцлогоос шалтгаалаад муухай ааштай болно гэдэгтэй би л хувьдаа санаа нийлэхгүй ээ. Хүн өөр өөрийнхөө арга барилаар ажилладаг болохоор зан ааш нь эвдрээд байх зүйл байхгүй ээ. 

-Сэжигтний хэргийг тогтоогоод шоронд явуулахад эргээд таньд заналхийлэх зүйл гардаг уу. Ер нь хэрэг илрүүлэхэд хэцүү юу?

-Би үйлдсэн хэргийг нь үнэн зөвөөр нь тогтоохыг хичээдэг болохоор одоохондоо эргээд ямар нэг муу юм тохиолдоогүй байна. Заримдаа надад байцаагдаад, ял эдлээд явсан хүмүүс эрх чөлөөтэй болсон үедээ эргээд мэндлээд явж л байдаг юм. Зарим хэрэг дээр ч үнэхээр олдохгүй хэцүү зүйл их тохиолдно. Заримдаа бүр зүүдэлж хононо гээч. Өдөрт л 20-30 хэрэг дээр 70-80 хүнд байцаалт явуулна гэдэг чинь үнэхээр хүнд. Гэхдээ л энэ миний сонгосон мэргэжил учраас дуртай хийдэг. 

-Та мөрдөгч нохойтой юу ?

-Надад өөрийн өсгөсөн нохой гэж байхгүй ээ. Гэхдээ хэрэг мөрдөхийн тулд хэд хэдэн удаа нохойтой ажиллаж байсан. Ихэнхдээ орон байрны хулгайд нохой авч явахад тохиромжтой байдаг юм шүү. 

-Та хамт олныхоо талаар ярихгүй юу?

-Манай хамт олон ажлын төлөө бие сэтгэлээ зориулсан, жинхэнэ цагдаа хүмүүс байдаг. Бид саяхан 70 жилийнхээ ойг тэмдэглээд олон ч сайчуулаа шагнаж урамшуулаад зогсохгүй, гэр бүлээр нь хүлээн авалтанд урьж, амралтанд явцгаасан. Бидний ажил мэргэжил чинь өөрөө их онцлогтой байдаг болохоор тэр болгон гэр бүлтэйгээ байгаад байж чадаагүй ээ. 

-Та мөрдөн байцаагч хүнийг нэг өгүүлбэрээр хэлэхгүй юу?

-За даа. Мөрдөгч хүн бол хүний хэсэгхэн амьдралынх нь талаар үнэнийг олсны эцэст ажлынх нь үр дүнд ном бүтээдэг юм даа.  Б.Өлзий

"НИЙГМИЙН ТОЛЬ"

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх