etoim.mn
photos/79f17d35344f3a25cacab1473cba1dcf.jpg

Өндөр Гэгээн Г.Занабазарын түмэн өлзий гийсний 382 жилийн ойг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, “Монгол костюмс” ХХК, "Sound of Mongolia" ХХК хамтран "ТАРА" загварын шоуг 2017 оны 09 сарын 25-нд зохион байгуулах гэж байна. Дизайнер Б.Энхбаатар Өндөр Гэгээн Г.Занабазарын ертөнцөөс хэтийсэн үнэмлэхүй гоо сайханг бүрэн төгс илэрхийлсэн лагшин дүрийн шүтээнийг бүтээсэн агуу их бүтээлээр хөглөгдөн Цагаан Дарь эх, Ногоон Дарь эх бүтээлүүдээс сэдэвлэн эмэгтэй хүний эрхэм төгс нандин сэтгэл, бие бялдарын гоо сайхантай уялдуулан өөрийн өвөрмөц, орчин цагийн өнгө аястай загваруудаа Дүрслэх Урлагийн музейн тансаг, нууцлаг орчинтой хослуулан үзэгчдээ уран бүтээлийн ертөнцөөр урьж аялуулах болно. Эмэгтэй хүний уян тансаг үнэмлэхүй гоо сайхан, хүнлэг ариун сэтгэлийг урлагийн олон чиглэлээр үзэгчдэд мэдрүүлэх таниулах, залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой "ТАРА" загварын шоунд дотоодын шилдэг загвар өмсөгчид алхаж, соёл урлаг салбарын төлөөллүүд уран бүтээлээ толилуулах юм байна. Бид энэхүү шоуны талаар Өндөр гэгээн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал У.Сарантуяатай цөөн хором ярилцсан юм.

-       Музейд загварын шоу болно гэдэг гайхалтай санааг хэн анх гаргасан бэ?

-       Гомбодоржийн Занабазар 1635 онд Насан төгөлдөр хөхөгчин гахай жилийн 09-р сарын 25-ны өдөр Түшээт хан аймгийн Есөн зүйл гэж газар мэндэлсэн. Энэ жил Өндөр гэгээний түмэн өлзий гийсний 382 жил болж байгаа. Өндөр Гэгээн Г.Занабазарын бүтээлүүдийг үзээд уран бүтээлчид хөглөгддөг. Яруу найрагчид шүлэг бичээд, зураачид бүтээл хийж, зарим нэг нь сүсэглэж залбираад сэтгэл онгойлоо, гадаадууд урлагийн талаас нь гайхалтай бүтээлүүдийг үзэхээр зорьж ирдэг.

Манайд “Монгол костюмс” ХХК-ийн захирал Б.Сувд нэг удаа ирсэн юм. Тэр үед нь Цагаан дарь эхийн үзмэрийн гэрэл асаалттай байсан. Тухайн үед Б.Сувдад Цагаан дарь эх агаараас үзэгдэж байгаа юм шиг их гоё харагдсан гэсэн.  Түүний дараа дизайнер Б.Энхбаатар нь ирээд л онгод орж хөглөгдөөд коллекц хийсэн нь шоу хийх эхлэл болсон.

Жирийн үгээр илэрхийлэх юм бол бид сүм хийд, бурхан уралдаг газар биш. Харин Монголын дүрслэх урлагийн бүтээлүүдийг он цагийн дарааллын дагуу байрлуулсан музей. Өөрөөр хэлбэл олон түмэнд сурталчилдаг, хадгалдаг газар. Энэ удаад “Монгол костюмс” ХХК-тай хамтарч байна.

-       Хичнээн коллекци танилцуулагдах вэ?

Тухайн коллекцид есөн хувцас байгаа байх гэж бодож байна. Галт шувуу коллекцид цөөн тооны гайхалтай бүтээл байгаа. Бүрэн хэмжээний загварын шоуны хэмжээний олон хувцас биш боловч агуулга бол гайхалтай. Тодруулах юм бол Өндөр гэгээн Г.Занабазар ардын урлагийг шашны урлагтай нийцүүлсэн. Тэнгэрийн дагинасыг бурхдын дүрээр хийдэг байсныг жирийн Монгол эмэгтэйн дүрээр хийсэн.  Ингэхдээ маш гоё дүрээр, бурхны тэгийн журмаар хийсэн нь Монгол төдийгүй дэлхий дахинд Өндөр Гэгээн Г.Занабазарын бүтээлийг бишрэн шүтэж  байна. Бишрэн шүтсэн уран бүтээлчдийн онгод орж, хөглөгдөж байгаа.

Дизайнер нь Цагаан, ногоон дарь эхэд зориулж хийсэн хувцсаа бидэнд харуулаагүй.  Цагаан дарь эхийг  16 настай охин хүний дүр гэдэг.  Тийм учраас төгс төгөлдөр бүтээл болно. Ногоон дарь эх S маягаар суудалтай. Араас нь харахад нас бие гүйцсэн эмэгтэй байдаг. Бадамлянхуа суурийг нь авахад бүжиг болчихоор гайхалтай бүтээл. Тэр бүхнийг дизайнер өөрийнхөөрөө амлуулж байгаа.

Манай охид /ажилтнууд/ урлагийн гайхамшигт бүтээлүүдийг хараад гэр орон тайван, бидний ажил бүтэмжтэй байна гэж бодож явдаг. Гадаадууд, судлаачид ирэхээрээ “Өдөр бүр гайхалтай бүтээлүүдийн дэргэд байдаг та ямар азтай юм бэ” гэдэг. Өөрөөр хэлбэл хүнээс эрчим хүч ялгарч байдаг. Зарим хүнтэй ярилцаад суухад их гоё байдаг. Тэгэхээр тухайн хүнээс их гоё энерги, эрч хүч ялгарч байдаг. Тэрэн шиг энэ шоу гоо сайхны тохирол, гормон төрүүлэх гайхалтай шоу болно гэж бодож байна.  

-       Цагаан ногоон дарь эхийг дизайнерууд өөрсдийнхөөрөө амилуулах юм байна. Мэдээж шоу гэдэг утгаараа энтетайнмент өөр үзүүлбэрүүд багтсан байх?

-       Бид СТА Ө.Цэрэнчунт дуучнийг урьсан. Ө.Цэрэнчунт Монгол төдийгүй ОХУ, олон улсад нэр нь тодорсон дуучин.  Өндөр Гэгээн Г.Занабазарын бүтээл “Жанлав цогзол”-ыг СТА Ө.Цэрэнчунтын  дуулж байгаагаар сонссон.  “Жанлав цогзол”-ыг дүнчүүр удаа унших юм бол цагийн самуун арилдаг гэж үздэг. Тиймээс СТА Ө.Цэрэнчунт “Жанлав цогзол”-ыг дуулна.  

Уран нугараачид үзүүлбэр үзүүлнэ. Манай ажилтан 21 дарь эхийн дуулал дуулна.

Ер нь Цагаан, ногоон Дарь эх хосгүй бүтээл. Энэ бүтээлийг л үзэх гэж гадаад, дотоодын жуулчид зорьж ирдэг.  Зарим цагаан, ногоон дарь эхийн бүтээлийн дэргэд хүн бясалгал хийхээр зөвшөөрөл авдаг. Урлагийн бүтээлийн хүч нь тэр шүү дээ.  Онгод авсан хүмүүс л энэ өдөр өөрийнхөө мэдрэмжийг толилуулна.

Бид энэхүү арга хэмжээг олон түмэн сайшаан хүлээн авч, хүлээлт үүсгэж байгаа. Бид бусад шоу шиг өндөр үнэ тавиагүй. Өмнө нь бид нар загварын шоу хийж байгаагүй. Лекц, эрдэм шинжилгээний хурал, уулзалтууд хийж байсан. Энэ удаагийн арга хэмжээнд ач холбогдол өг, өндөр хэмжээнд зохион байгуулах болно.

-        Өндөр Гэгээн Г.Занабазарын музейг үзэх үзэгчдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна уу?

-     Анх жуулчдад зориулсан музей шиг л байдаг байлаа. Одоо бол гадаад дотоодын үзэгчид зорьж ихээр үзэх болсон.  Тухайлбал эцэг эхчүүд хүүхдүүдээ их үзүүлдэг.  Цэцэрлэгийн хүүхдүүд их ирдэг. Зарим цэцэрлэгийн хүүхдүүд өнгө будагны мэдлэгтэй болж, харьцуулалт хийж сураад гардаг. Сурагчид бол байнга багш нартайгаа ирдэг болохоор боловсролын ажил зохион байгуулдаг.   

      Улирал ус бүрээр

-     Соёл урлагийн ажилтны өдрийг угтан ямар арга хэмжээ зохион байгуулсан бэ?

-     Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд “Хайрцагтай музей”-г үзүүлсэн. Музейн үзмэрийг төлөөлөхүйц үзмэрийг хайрцагт хийсэн болохоор хүүхдүүдэд музей үзэх сонирхол төрүүлдэг. Алслагдмал дүүрэг, аймгуудаар   “Хайрцагтай музей”-г аялуулдаг.

    Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

Бурхны тэг дүрсийг уран билгийн увдисаар амилуулсан, жинхэнэ хүний дүрээр тодруулж дахин давтагдашгүй өндөрлөгт гаргасан их мастер өндөр гэгээний бүтээлүүд уран бүтээлчдэд одоо цагт онгод хайрласан. Онгодоор хөглөгдсөн уран бүтээлчид Өндөр Гэгээн Г.Занабазарын бүтээлээс ямар таашаал, мэдрэмж авснаа энэ өдөр толилуулах юм. Монгол улсад анх удаа гэж хэлж болохоор энэ гайхалтай арга хэмжээний талаар бид эргэж мэдээлэх болно.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх