Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн 35 настай Е өнгөрсөн сарын 30-ны өдөр Бугат сумын Буга гэдэг газарт амралтад явахаар автомашинтай гэрээсээ гарч сураггүй болжээ. Ар гэрийнхэн нь энэ сарын 13-ны өдөр түүний машиныг Ховд голын эргээс олсон бөгөөд усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага тухайн өдрийн 15:22 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Тус газрын 6 албан хаагч 1 завь, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ба 19 цагийн орчимд осолдсон газраас зүүн зүгт 5 км газраас талийгаачийн цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.