etoim.mn
photos/862ac8c756a37273f6e0189b9d21cb48.jpg

Монгол, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын Тяньжин боомт, Монголын Улаанбаатар, ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд олон улсын ачаа тээврийг туршилтаар тээвэрлэж буй билээ. 

Энэхүү тээвэрлэлт цаг хугацаа, санхүүгийн хувьд өндөр ач холбогдолтой төдийгүй үүнийгээ дагаад эдийн засгийн эргэлт сайжирна гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Энэ талаар болон тээвэрлэлт хэдийнээс үр өгөөжөө өгөх, хэлдэлцээрийг өнөөдрийн хэмжээнд хүргэхэд түлхэц үзүүлсэн гол хүчин зүйлийн тухай Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Д.Наранпүрэвээс тодрууллаа.

-Монгол, БНХАУ, ОХУ авто тээврийн салбарт хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж чадлаа. Гурван улс дамнан тээвэрлэлт хийж эхэлсэнээр бодитой ямар өөрчлөлтүүд гарна гэж та харж байна вэ?

-Манай улс газарзүйн байршлын хувьд ОХУ, БНХАУ-ын дунд байрладаг, далайд гарцгүй орон. Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бол тээвэр. Агаарын тээвэр богино хугацаанд тээвэрлэх боломжтой ч өртөг өндөртэй. Төмөр замын тээвэр их хэмжээгээр тээвэрлэдэг, холын замд тохиромжтой ч бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх боломжгүй. Харин авто тээвэр өөрийн гэсэн онцлогтой. Хаалганаас хаалганд хүргэдэгээрээ илүү үр ашигтай. Өргөн хэрэглээний бараа, түргэн муудах бүтээгдэхүүнийг авто тээврээр бүс нутагт тээвэрлэх нь эдийн засагт ач холбогдолтой байдаг.

Монгол Улс нийтдээ есөн улстай авто тээвэр хоорондын хэлэлцээртэй. 1991 онд БНХАУ-тай Олон улсын авто тээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, 2011 онд шинэчилсэн. ОХУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1996 онд хийсэн. Энэхүү хэлэлцээрүүдийг аваад үзвэл ОХУ-тай хийсэн хэлэлцээр хамгийн сайн болсон гэж хэлж болно. Тодруулбал, манай улсын тээврийн хэрэгсэл ОХУ-ын аль ч хотод тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой болсон. Харин БНХАУ-тай хийсэн хэлэлцээр тийм ч нээлттэй биш. Нийт 12 хилийн боомтод тодорхой маршрутаар гүйцэтгэж байна. 

БНХАУ энэ онд Олон Улсын авто тээврийн конвенцэд нэгдэн орж байгаа. Конвенцийг бүрэн эхээр нь ирэх оны нэгдүгээр сарын 7-ноос хэрэгүүлж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, албан ёсоор Олон Улсын Авто тээврийн байгууллагын гишүүн болж байгаа юм. Энэ нь ямар холбогдолтой вэ гэхээр Тир /TIR/ буюу Олон  Улсын авто тээврийн зөвшөөрөл байдаг. Энэ хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ мэдээж тухайн улс өөрийн онцлогтоо тохируулаад шаардлагаа тавих байх. Энэ дагуу тээвэрлэлт явна гэж ойлгож байгаа.

1997 онд анх гурван улсын дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хэлэлцээр эхэлж байсан юм. Тухайн үед би Дэд бүтэц хөгжлийн яаманд дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн байлаа.  Хэлэлцээрийг эхлүүлсэн анхны хурал зөвлөгөөнд оролцож байв. Энэ явсаар өнөөдөр гурван орны хооронд авто тээврийн тээвэрлэлт эхлэх бодитой алхам хийгдсэнд маш их баяртай байна.

Түүхэнд тэмдэглэгдэх сайхан үйл явдал болж байна.  Монголын тээвэрлэгчдийн хувьд ч энэ бол том боломж.

- БНХАУ-ын Тяньжин боомтод л гэхэд жилдээ 500 мянга гаруй тонн ачаа буудаг гэсэн мэдээлэл бий.  Энэ их ачаа эргэлтийг хямд зардлаар богино хугацаанд тээвэрлэнэ гэхээр ач холбогдол ихтэй байхаар харагдаж байна л даа. Энэ талаар тодруулбал?

-Маш их ач холбогдолтой. Авто тээвэр өөрөө чухал, онцлогтой салбар. Бусад тээвэр хязгаарлагдмал. Агаарын тээвэр манай улсыг дайраад гарсан нэг шугамтай. Үүгээрээ тээвэрлэлт хийнэ. Наад зах нь аймгуудад каргоны онгоц бууж чадахгүй байна,  тийм боломжгүй. Төмөр зам ч ялгаагүй. Дайраад гарсан тухайн замаар л тээвэрлэлт хийнэ. Харин авто тээвэр аль алслагдсан суманд ачааг нь хүргээд өгөх боломжтой. Өнөөдөр Монгол Улс ихэнх импортын бараагаа БНХАУ-аас авч байна. Далайгаар дамжуулж, Тяньжин боомтоос авч байгаа. Гэтэл тээвэрлэх явц олон шат дамжлагатай байна. Тухайн хотоос нь Эрээнд авчирч буулгана, тэндээсээ шилжүүлж ачна, дараа нь нааш нь тээвэрлэнэ, хил гааль дээр үзлэг шалтгалтад хамрагдана, гаалийн татвар төлнө гээд олон асуудал гарч ирдэг. Шат  дамжлага ихтэй учраас цаг хугацаа их орно, үнэ хөлс нэмэгдэнэ.

Харин шууд тээвэрлэбэл шат дамжлаггүйгээр тухайн зорьсон газар нь хүргэх боломжтой. Тяньжинаас Улаанбаатар, Эрдэнэт,  Дархан бүр аль ч аймгийн төв, суманд шууд хүрнэ. Ингээд ирэхээр бараа бүтээгдэхүүнийн эргэлт сайжирна, хоёрт, тээвэрлэлтийн хөлс бага болно.

Мөн энэ төрлийн үйл ажиллагаа явуулах байгуулагуудын чадавхи сайжирна гээд олон талын ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, бүс нутгийн тээврийн сүлжээнд Монгол Улс чухал нөлөө үзүүлэх орны нэг болох боломж нээгдэж байна. Ази, Европ хоорондын ачаа тээврийн 90 гаруй хувийг далайн замаар хийдэг. Энэ нь хуурай замын тээврээс, хоёр дахин урт замыг туулж, 2-3 дахин их хугацаа зарцуулдаг. Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн дөрвөн гол зам байдгаас хамгийн дөт нь Монгол Улсаар дайран өнгөрч байгаа.

-Эдийн засаг тааруухан байгаа  энэ үед тээвэрлэлт хийх бэлтгэлээ хийж эхэлсэн нь цагаа олсон алхам болж байна, тиймүү?

-Тийм. Манай бүс нутагт олон улсын тээвэрлэлт жинхэнэ утгаараа хэрэгжиж чадахгүй байсан. Хоёрхон улстай хиллэдэг манай улсын хувьд агаарын тээврээс бусдаар бусад улстай шууд харилцах боломжгүй. Өмнө нь Засгийн газар хоорондын хэлэцээрээр өмнө хоёр улстай харилцаж байсан бол одоо гурван улс нийлээд бүс нутгийнхаа тээвэрлэлтийг зохицуулах гэж байна. Монгол Улс газарзүйн байршлын хувьд нэгдүгээрт, далайд гарцгүй ч давуу талтай. Энэ хоёр улсын худалдаа, эдийн засгийн гүүр нь болох боломж бий. Сибирийн бүс нутаг гээд аж үйлдвэрийн, хүн амын сууршилтай бүс нутаг байна, Хятадын хойд хэсэг тэр чигээрээ аж үйлдвэрийн район.  Энэ бүс нутгийг манай улс холбох бүрэн боломжтой. Үүний тулд МУ дэд бүтцээ хөгжүүлэх ёстой. Зөвхөн Замын-Үүд, Алтанбулаг чиглэлд биш өөр бусад чиглэлээр дэд бүтцээ хөгжүүлж, үүгээрээ дамжуулж нэмэлт орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх, боломж ирээдүй бий.

-Арав гаруй жилийн турш яригдсан энэ хэлэлцээрийг  бодит ажил болоход олонжилийн өмнөөс хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулсан хүмүүсийг дурьдахгүй өнгөрч болохгүй байх?

- Тийм шүү. 1997 оноос хойш олон хүн хүчин чармайлт гарган ажиллаж байсан. Үе үеийн Засгийн газар, холбогдох яамдад ажиллаж байсан, одоо ч ажиллаж мэргэжилтнүүд оролцож санал бодлоо тусгаж, хүчин чармайлт гаргасан. Д.Батбаатар /Авто тээврийн Үндэсний төвийн дэд дарга/, н.Нямдаваа /Зам  тээвэр, аялал жуулчлалын яамны Тээвэр зохицуулалтын газрын дарга асан, өдгөө өндөр насныхаа тэтвгэртээ суусан/ гээд дурьдаад байвал олон хүн бий. Мөн гурван улсын төрийн тэргүүнүүд ач холбогдол өгч, удаа дараа уулзаж асуудлыг шийдэхэд маш том түлхэц боллоо.  Энэ том ажлын эхлэл гэж ойлгох ёстой.

Эх сурвал: www.zaluu.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх