etoim.mn
photos/e33d2ff4a51b5ee3de7b47304f7300fcebfbe6f8.jpeg

“Түүхээ мэдэхгүй хүн цөлд хаягдсан сармагчингаас ялгаагүй гэж нэг ухаантан хэлсэн байдаг. Одоогийн цагийн аясыг ажиглаж байхад хүмүүс, ялангуяа залуус ийм л болоод байна уу даа гэж бодогдох юм. Тиймээс тэдний өмнө ахмадууд бид илүү буруутай мэт санагдана…” хэмээн ярих түүний үг голыг минь гогдох шиг л болов. Энэ бол хүндэт чекист, онц хилчин, ахмад дайчин Бүркитбайн Сейлхан юм. Хүйтэн дайны үед бууны сумнаас бултаж явсан цэл залуухан хүү өнөөдөр 88 насыг зоогложээ. Б.Сейлхан гуай тэртээ хагас зуун жилийн өмнө байгуулсан нөхдийнх нь гавьяа цагийн эрхэнд бүдгэрч байгаад гомдсон нь илт. Гэхдээ өвгөн Б.Сейлхан “буруутан”-г өөрөөсөө хайж байгаа нь залуус бидэнд эрхгүй нэгийг бодогдуулна. Ийм л шалтгааны улмаас түүнтэй ярилцахаар ширээний ард суув. Өнгөрснөө дурсан, өөдөөс минь харан суух Б.Сейлхан гуайгийн нүүрэнд өөрийн эрхгүй баясал тодрох ч үе, үе дуугаа хураах нь түүний сэтгэлд одоо ч дайны хар сүүдэр булаатай байгааг сануулах шиг…

-Юуны өмнө танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагаа ямар асуултаар эхлүүлэх вэ гэж зөндөө бодсон ч шууд л таны саналыг сонсох нь зөв гэж шийдлээ. Болно биз дээ?

-Болно оо. Би анх удаа танай сонинд ярилцлага өгч байна. Тиймээс эхлээд өөрийгөө танилцуулсан нь зөв байх.

-Тэгэлгүй яах вэ, тантай санал нэг байна?

-Би Баян-Өлгий аймгийн Толбонуур сумын нутагт 1928 онд төрсөн. Манайх туйлын ядуу айл байлаа. Аав минь их хөдөлмөрч хүн. Ажлыг голно гэж байхгүй. Монгол хэлтэй болохоор амьдралд их нэмэртэй байсан. Учир нь, тухайн үед Монгол айлууд их баян байдаг байлаа шүү дээ. Би ч гэсэн Монгол айлд зарц хийж байхдаа Монгол хэлийг сурсан. Казак хүн Монгол хэл мэднэ гэдэг нь хэлтэй бол бэлтэй  л гэсэн үг. Хүүхэд ахуй наснаасаа л хүнд хэцүү ажилд зүтгэж, амьдралын эрээн барааныг бие сэтгэлээрээ туулсан хүн дээ.

-Таны туулж өнгөрүүлсэн амьдрал тэр чигээрээ “ном”. Ингэж хэлж болох уу?

-Тийм ээ.

-Тэр хэцүү цагт та хаана, ямар боловсрол эзэмшив?

-Толбонуур сумынхаа бага сургуульд сурч байсан. Азаар айлд зарцлагдаж байхдаа Монгол хэл, уйгаржин бичиг үсэг сурчихсан. Энэ бол тухайн үедээ өндөр боловсролтой хэмээн үнэлэгдэж байсан юм. Ингэж явсаар 14 настайдаа Монголын хувьсгалт залуучуудын эвлэлд элссэн. Эвлэлийн ажилд шаргуу явна. Биеэр нэлээн өсгөлүүн. Энэ бүхэн маань удирдах хүмүүсийн анхааралд өртөөд байсан юм шиг билээ.

-Яагаад таны үзэж өнгөрүүлсэн амьдралыг “ном” гэж томьёолсноо хэлэх үү. Учир нь, та Чөлөөлөх дайнд оролцож явсан манай ахмад дайчин. Тэр тусмаа тагнуулч хийж явсан гэж сонссон?

-1933 онд манай суманд Комендатур байгуулагдлаа. Аав маань тэнд хэлмэрч хийдэг болсон. Би харин 1942 онд хошууныхаа сургуульд орж, хоёрдугаар анги хүртэл суралцсан. 1943 оны намар Хужирт сумын намын үүрийн дарга, захиргааны дарга, аюулаас хамгаалахын төлөөлөгч зэрэг жирийн иргэдийг казахууд хороочихоод олон хүнийг дагуулаад Шинжаан руу явсан том хэрэг гарсан.

-1943 он гэхээр та хэдтэй байсан гэсэн үг вэ? -16-тай. Би сумынхаа даргынд суудаг байв. Нэг өдөр тэднийд өмнө нь харж байгаагүй хүн ирээд оройхон захидал бичээд гадна талд нь “Баян-Өлгий аймгийн Дотоодыг хамгаалах газрын дарга Халхбай танаа” гэж бичиж байна. Түүнийг нь би чанга дуугаар уншчихгүй юу.

-Дараа нь юу болсон бэ?

-Тэгсэн нөгөө дарга нэг сүрхий хараад “Чи Монгол хэл, бичиг мэддэг юм уу, хаана сурсан юм” гээд л баахан зүйл асуусан. Би чадна л гэлээ. Дараа хоёулаа уулзана аа гэж хэлээд явсан. Энэ ажил намайг тусгай ажилтан болох замд хөтөлсөн дөө.

-Хаашаа тагнуулд явдаг байв. Ер нь тэгээд насанд хүрээгүй бага хүүхдийг тагнуулд явуулж болдог юм уу?

-Хил давж Алтай Шинжаанд тагнуулын үүрэг гүйцэтгэх үүрэг өгсөн. Манай нутагт 16 нас хүрсэн эрэгтэй хүүхдийг эрийн цээнд хүрсэн гэж үзнэ. Казак, Монгол хэлтэй, бичиг үсэгтэй хүн тэр үед ховор байж. Тэгээд л намайг сонгосон байх.

-Хил давна, үүрэг гүйцэтгэнэ гээд хэцүү алба биз дээ?

-Шинжаан, Монголын хилээр янгиа тохсон морьтой, ядуу хүү Шинжаанд алба хашдаг нагац ахындаа очихоор яваа гэж танихгүй хүний нэр зааж өгсөн. Тэр нь дээр үед таалал төгссөн хүн билээ л дээ. Ер нь тэгээд тагнуулд бол хүний анхаарал татахааргүй хүүхэд, өвгөд хөгшид, хүн харахад бие муутай юм шиг хүмүүсийг голдуу явуулна. Маш нарийн үүрэг даалгавар өгч, улсын нууцыг амиараа хамгаалах баталгаа авч үлдэнэ шүү дээ.

-Та тэгээд үүргээ биелүүлж байв уу. Ямар үүрэг даалгавар авч биелүүлсэн бол. Одоо хэрнээ нууц уу?

-Өгсөн үүрэг даалгавар бүхнийг биелүүлсэн. Гол нь Гоминдааны цэрэг, байлдааны хэрэгслийн байрлал, тоо хэмжээг ар тийшээ үнэн зөв мэдээлэх, жирийн иргэдийг тэдний цэрэгт элсүүлэхгүй байх, нүүж дүрвэсэн казак иргэдийг Монгол нутагтаа эргэж ирэхэд нь туслах зэрэг ажил үүргийг гүйцэтгэнэ.

-Оспаны дээрэмчид гэж их ярьдаг байлаа. Та тагнуулд явж байхдаа Оспантай ойр хавь байв уу?

-Байлгүй яах вэ. Оспаны байрлал, хаана ямар янзтай байгааг үргэлж ар тал руугаа мэдээлж байсан. Оспан чинь Монголын хилээс 200 км орчим зайтай Цонж хотод байрлаж байсан. Ууланд олон давхар хамгаалалттай байсан. Маршал Чойбалсан, ял шийтгэгдээд байсан Дандар баатрыг суллаж Ховдын Булганы отряд руу нэмэлт хүчтэй явуулахдаа Оспаныг барьж ир гэсэн юм билээ. Сүүлд шүү дээ. Дандар баатар Оспаны байрлаж байгаа газар руу хоёр удаа дайраад нэвтэрч чадаагүй буцсан.

-Тэр байлдаануудад та явж л байв уу?

-Явалгүй яах вэ.Тусгай группт тагнуулынхаа ажлыг л хийж явсан. Сүүлд 1951 оны долоодугаар сарын 1-нд гоминданы 80 мянган цэргийг Урумчийн дэргэд бут цохин, Оспаныг баривчилж Урумчид хороосон. Оспан чинь хоёр хүү, нэг охинтой байсан. Хоёр хүүг нь баривчилж Хятадын эрх баригчдад хүлээлгэж өгсөн. Охин нь ууланд зэрлэгшиж зүйл дууссан гэдэг юм.

-Таны түүхийг судлах нь ээ, 1944-1952 он хүртэл зургаан жил Баруун хязгаарын хилийн отрядад тусгай үүрэг гүйцэтгээд халагдсан гэх юм билээ. Энэ үедээ таныг зүүн нүдээ алдсан гэж уншсан. Энэ үнэн үү?

-Тийм ээ, баруун хязгаарыг тохинуулах, дайсны удаа дараагийн дайралтад хариу цохилт өгөх үүргийг сүүлд генерал болсон Б.Дорж, Ж.Жамъян нар удирдаж байсан. Байтаг богд, Бага хавтагын гэхчлэн олон тулалдаанд орсон. 1947 оны зургаадугаар сарын 5-нд Хужирт голын Уушигийн Эхэн-Ус гэх газар том байлдаан болсон тухай хэвлэл номонд их бий. Монголын талаас Зайсанов, Гунгаа, Нэргүй нарын жолоодсон гурван онгоц оролцсон. Дайсны талаас ч онгоц, их буугаар дэмжүүлсэн их хүчтэй байлдаан болж билээ. Энэ үеэр бөмбөгний хэлтэрхий зүүн нүдийг минь сох цохьсон. Ингээд би өрөөсөн нүдтэй болсон юм. Сүүлд, нөгөө нүдэндээ нөлөөлөх нь гээд бүр авчихсан л даа.

-Та 20 ч хүрээгүй байж шүү дээ?

-Тийм ээ, 19-хөн настайгаасаа би өрөөсөн нүдээр хорвоог харж туулж явна.

-Мэдээж та энэ олон жил гадаад тагнуулын албанд зүтгэхэд олон сонирхолтой үйл явдал тохиолдсон байж таарна даа?

-Тагнуулын нууц гэж бий. Гэхдээ олон жилийн өмнөх нууцуудаа ОХУ-аас эхлээд тайлж ил болголоо шүү дээ. Сталины үеийн олон сонин баримтыг зурагтаар дэлгэн тавьж байна. Манайхан ч тэгэх л байх. Гэхдээ тагнуулч хүнд тангараг өргөсөн онцгой зүйл байдаг. Тэр бүхнийг дээд газрын шийдвэргүйгээр ил задгай дэлгэн тавьж болохгүй л дээ.

-Жишээ нь?

-Алтай Шинжааны алдартай тагнуул, таван улсын хэл мэддэг М-ыг баривчлан хороосон, бараг адал явдал гэмээр зүйлийн амьд гэрч би байж л байна. Тэр бүхнийг сурвалжлагч та нарт хамаагүй ярьж болохгүй. Дээд байгууллагаас албан ёсны зөвшөөрөл олгосон нөхцөлд ном болгоод гаргасан ч бэлэн л байна.

-Тусгай үүрэг гүйцэтгэхэд, хэл чухал биз. Та ер нь ямар хэл мэддэг хүн бэ?

-Би Казак, Монгол хэлийг бол сайн мэднэ. Бас Орос, Хятад хэлээр бол муухан ойлгоод байна. Ер нь тэгээд тусгай үүрэг гүйцэтгэж явахад хэл шиг чухал зүйл байхгүй. Хамгийн гол нь хүний ярьж байгаа зүйлийг л ойлгоод  байх хэрэгтэй болдог.

-Та бага залуу насандаа тусгай үүрэг гүйцэтгэн “далд фронтод” амь бие хайргүй зүтгэж байгаад тайван цагийн хөдөлмөрт шилжсэн. Хаана юу хийж байв даа?

-Би, мэргэжлийн дагуу холбооны салбарт насыг элээсэн. Тусгай үүрэг гүйцэтгүүлэх болоход хэлнээс гадна холбооны мэдлэг чухал. Булганы отрядад над зааж сургасан гол зүйл бол холбоо. Өнөө л морз, ил далд холбоонууд. Энэ маань энх цагийн бүтээн байгуулалтын үед ч чухал хэрэгцээтэй байсан. Би нутагтаа, цэрэгжүүлсэн холбооны холбоочноор ажиллаж байтал 1959 онд Баян-Өлгий аймагт Ус, цаг уурын алба байгуулагдсан. Энэ албаны тулгын чулуу тулалцаад холбоочин-цаг уурчаар 32 жил ажиллаж тэтгэвэртээ гарсан.

-Бага залуу насандаа сурч мэдсэн холбооны мэдлэг чинь орчин үеийн холбоо, ус цаг уурын шинжилгээний ажилд гологдсонгүй юу?

-Нэг өдөр аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Мусахан дуудаж уулзаад, аймагт цаг агаарын шинжилгээний станц байгуулагдах гэж байгаа тухай танилцуулан радио станц морз мэддэг,  холбооны мэдэгдэхүүнтэй, сонсгол сайтай нэг хүнийг хотод зургаан сарын курст явуулах болоод байна. Аймгийн намын хорооны товчоо шийдчихсэн гээд шууд курст илгээж мэргэжил эзэмшүүлсэн.

-Таныг албан ажлынхаа зэрэгцээ олон сонгуультай, цаг наргүй ажилладаг хүн гэж дуулсан юм байна шүү?

-Тийм ээ, Өлгий хотын ОСГ-ны хорооны даргын сонгуульт ажилд 20 жил, орон нутгийн хурлыг сонгох сонгуулийн зургаан удаагийн сонгуулийн депутат байлаа.

-Ингэхэд ОХУ, БНСВУ-ын дээд байгууллага хүмүүсээс ирүүлсэн олон тооны шагнал байдаг гэх. Энэ тухайгаа дурсаж болно биз дээ?

-Би бол Оросын ард түмэнтэй ах дүүгийн барилдлагатай явж ирсэн хүн. Эх орны дайны хүнд жилүүдэд монголчууд Оросын улаан армид бэлэг хуримтлуулж явуулдаг байсан. Би эвлэлийн гишүүний хувьд Толбонуур сумандаа энэ бэлгийг цуглуулах ажлыг зохион байгуулж, нөхдийн хамт тэмээн жингээр аймгийн комисст аваачиж тушааж байсансан. Өөрөө ч олон тооны сугалаа нэмэрлэж байсан. Дараа нь тусгай албанд томилогдон ажиллахад гол нөлөөтэй хүмүүс бол Оросын дотоодыг хамгаалах газрын Алтай Шинжааныг хариуцсан газрынхан байлаа. Үргэлж холбоотой ажиллаж байсан. Вьетнамын дайны үед би цалингийнхаа тодорхой хувийг байлдаж байгаа вьетнамчууддаа илгээдэг байсан. Энэ бүхнээс үүдэн БНСВУ-ын дарга Ле Дык Ань, ОХУ-ын элчин сайд С.С Разов нарын олон хүний ирүүлсэн шагнал, дурсгалын зүйлүүд хадгалагдаж байдаг

-Та, тусгаар тогтнолын санал асуулгад яаж оролцож явсан санагдана?

-1945 оны намар биднийг гэнэт ард тийш нь татсан. 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр Монгол даяар явагдсан тусгаар тогтнолын гарын үсэг зурах ажиллагаанд оролцуулах гэсэн юм билээ. Би Ховдын Булган сумын зургаадугаар багт томилогдон ажилласан. Сурагчийн дэвтэр шугамдаж нэр бичээд л гарын үсэг зуруулаад байгаа. Олонх нь бичиг үсэг мэдэхгүй, эрхий хурууны хээгээ л дарцгааж байсан. Нэг лам байрын настай хүн уйгаржин монгол бичгээр өөрийн болон хөгшнийхөө нэрийг бичээд “Төрийн минь сүлд өршөө” хэмээн магнайдаа адис авч байж билээ.

-Удахгүй Казак түмний баяр болох гэж байна. Бас таныг өөрийнхөө амьдралыг өгүүлсэн ном гаргах гэж байгаа гэж дууллаа?

-Тийм ээ, Казак түмний баяр бол нийт монголчуудын баяр. Энэ сарын 23-нд болно шүү дээ. Харин би өөрийнхөө замнал, үзэж туулсан амьдрал гээд залуус та нарт хэрэг болох түүхийн ном гаргах санаатай байна. Бараг л бэлэн болчихсон шүү.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ТӨРБАТ

http://mgl21.mn/

Таалагдахгүй байна

11
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.9.40.174]

2016-08-18 20:36:27

Зочин

[112.72.6.158]

2016-08-18 12:50:53

mm

[150.129.142.175]

2016-08-18 10:57:28

Их мундаг хүн байж дээ бахархаж байна

Зочин

[103.26.195.119]

2016-08-17 16:27:27

mongol torii. toloo ami amidralaa zoriulsan olon kazahuud baigaa ene buurald 100 naslaarai gej yorooy

Зочин

[112.72.15.66]

2016-08-17 15:37:38

Ойд төөрсөн сармагчин гэдэг юм. Ойд төрсөн амьтан ойдоо төөрнө гэдэг байж болох уу л гэсэн утгатай. Сэтгүүлч мөн үү чи? Ичмээр юм.