etoim.mn
photos/3333333-702x336.jpg

 Гэр бүлээрээ Онцгой байдлын албанд ажилладаг залуус олон бий. Тэдний нэг ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврагч, онцгой байдлын дэд ахлагч Ц.Сэрсэндэмид, дуудлага хүлээн авагч, онцгой байдлын дэд ахлагч Г.Баярмаа нарыг “Аврагчийн хөрөг” буландаа урилаа. Залуу хос маань 2015 онд сургуулиа төгсч Онцгой байдлын албанд оржээ.  -Цаг, наргүй ажилладаг энэ хүнд албанд хоёулаа зүтгэнэ гэдэг амаргүй. Та хоёрын хувьд хэн нь хэнийгээ уруу татаад онцгой байдлын албанд хамт ажиллах болчихов оо? Д/а Ц.Сэрсэндэмид: Анх эхнэрийнхээ гэр бүлтэй танил­цахад аав, ээж, дүү бүгд цэргийн хүмүүс байсан. Их сайхан санагдсан. Эхнэр маань ч аав, ээжийнхээ ажил, мэргэжлийг өвлөж, онцгой байдлын албанд ажиллах хүсэл сонирхолтой байсан. Бид хоёр гэрийнхэнтэйгээ ярил­цаж байгаад Хууль сахиулах сур­гуулийн Ахлагчийн сургуульд эл­сэн суралцаж, 2015 онд төгсөн анги­даа томилогдон ажиллаж байна. Д/а Ц.Сэрсэндэмид: Гэр бүл гэдэг хэн хэнийхээ хүсэл мөрөөдөл, зорилгыг хүндэтгэдэг, тэр хүсэл мөрөөдлийнхөө төлөө хамтдаа зүтгэдэг байвал аз жаргалтай амьдарч чаддаг гэж боддог. Бид хоёрын хувьд ч гэсэн цэргийн хүмүүс болох хүсэл, зорилго маань нэг байсан. Миний аав Цэвэг-Очир уурхайчин хүн байсан. 2001 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад уурхайн ослоор өөд болсон юм. Тэр үед би дөрөвдүгээр ангийн жаахан хүүхэд байсан. Аавыгаа дагаад ажил дээр нь их очно. Уурхайд ажиллаж, хүний амь аварч байгаа чадварлаг ах нарыг хараад би ч бас аврагч болно доо гэж битүүхэн мөрөөдөж явсан даа. Сургуулиа төгсөөд ханьтайгаа нэг ангид хуваарилагдан хамт ажиллаж байгаадаа баяртай байдаг. Д/а Баярмаа: Миний хувьд ухаан орсон цагаасаа л цэргийн амьдралд өссөн. Аав маань Иргэний хамгаалалтын 122-р ангиас эхлэн Шуурхай бүлэг 105, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст тасралтгүй 25 жил ажиллаж байгаад гавьяаны амралтанд гарсан. Ээж маань Иргэний хамгаалалтын 122-р ангид химичин-аврагчаас эхлээд одоо Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Г.Нарангэрэл гэж хүн бий. Аав, ээж хоёр маань ой хээрийн түймэр, мал, амьтны гоц халдварт өвчин, үер усны дуудлагад хоёр, гурван сар дамжаад явна. Баяр ёслолын үеэр ч бидэнд олдохгүй. Дүү бид хоёр гэрийн бараа хардаггүй аав, ээждээ гомдоод уйлдаг байсан үе ч бий. /инээв/ -Та хоёрын хувьд цэргийн амьдралын хүнд хэцүүг багаасаа мэдэрч өссөн юм байна. Аврагч, дуудлага хүлээн авагч гэдэг бас л ямар ч цаг үед бэлэн байхыг шаардах амаргүй ажил шүү дээ… -Д/а Ц.Сэрсэндэмид: Бахарх­маар сайхан алба. Аавын хүүгийн хийх ёстой ажил л гэж боддог. Яаралтай дуудлага гарахад хамтдаа гараад явах үе ч байна. Гэхдээ гэр бүлийнхэн, хамт олон маань байгаа учраас хүндрэлтэй зүйл бидэнд үгүй ээ. Ажлаа л чин сэтгэлээсээ хийхийг хичээдэг. Бидний ажил бол хүнээс сэтгэл их шаарддаг ажил. Хүний амь аварчихаад ажил, үүргээ амжилттай гүйцэтгээд буцах зам сайхан шүү. Баярлалаа гэж хэлэхэд хамаг ажлынхаа ард гарсан юм шиг л сайхан санагддаг. Д/а Баярмаа:-Гуравдугаар ангид байхад багш маань том болоод ямар мэргэжилтэй болох вэ гэсэн сэдэвт зохион бичлэг хийлгэсэн. Тэр үед том цаасан дээр цэрэгт явж цэргийн хүн болно гэж бичиж байж билээ. Тэр үеэс л цэргийн хүн болох шийдвэрийг өөртөө гарга­чихсан явж байсан юм шиг байгаа юм. Зорилгодоо хүрч мөрөөдлөө бие­лүүлэн онцгой байдлын алба гэх энэ том гэр бүлд нэгэн гишүүн нь болж ажиллаж байгаадаа маш баяртай байдаг. -Та хоёр анх яаж танилцаж байв? Д/а Баярмаа: -Ханьтайгаа 2012 онд танилцсан. Нөхөр маань тогооч мэргэжилтэй. Хоолны газар тогоочоор ажилладаг байсан юм. Тэр газар нь орж хооллож яваад танилцсан. -Та хоёрын ойрын зорилго юу вэ… Д/а Баярмаа: -Ангийн маань хамт олон биднийг их дэмждэг, тэднээсээ маш их зүйлийг суралцаж байгаа. Аврагч, дуудлага хүлээн авагч хүн ард иргэдийнхээ амь нас, улс эх орныхоо аюулгүй байдлыг хангах хариуцлагатай үүрэг хүлээдэг учраас ажил мэргэжилдээ дадах, бусдаас суралцах, өөрсдийгөө хөгжүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдэг дээр бид санал нэг байдаг. Аав, ээж маань ч энэ тал дээр дэмжиж тусалдаг. Миний хувьд холбоо мэдээллийн орчин үеийн технологийг эзэмшиж сурах зорилго тавьсан. Д/а Сэрсэндэмид: -Хувь хүн өөрөө хичээх юм бол сурах боломж их байдаг. Албан хаагчид маань гадаад, дотоодын сургалт, семинарт их оролц­дог. Би өнгөрсөн тавдугаар сард Оюу толгойд багны чиглэлээр долоо хоногийн сургалтад хамрагдаад ирсэн. Саяхан БНСУ-д аврах ажиллагааны чиглэлээр суралцах санал ирсэн. Олон улсад аврах ажиллагааны чиглэлээр суралцаж, чадварлаг боловсон хүчин болж албандаа зүтгэн ажиллахыг зорьж байна. -Үеийнхээ залууст хандаж юу гэж хэлмээр байна ? Д/а Баярмаа: -Залуу хүмүүс зорилготой байх хэрэгтэй. Заавал зорилгодоо хүрээрэй гэж хэлмээр байна. Д/а Сэрсэндэмид: -Залуу хүн хийх, бүтээх чин эрмэлзэлтэй байх ёстой. Аливаа зүйлд сэтгэлээсээ хандаж сурах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Залуучууддаа хандаж хэлэхэд ажлаас битгий хойш сууж байгаарай гэж хэлмээр санагддаг. Чадахгүй ч гэсэн бусдаас асууж, тусламж гуйхаас айх хэрэггүй юм билээ. Оролдоод үзэх хэрэгтэй. Энэ дашрамд Уул уурхайн аврах ангийнхаа нийт бие бүрэлдэхүүнд түүхт 65 жилийн ойн баярын мэнд хүргэе. Манай гэр бүлийн зүгээс мөр зэрэгцэн алхаж яваа бүх албан хаагчиддаа амжилт хүсье!

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх